Нийгэмд бухимдал төрүүлээд буй шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.
Байнгын хорооны хуралдаанд гишүүдээс гадна Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ашигт малтмал, газрын тосны ерөнхий газрын удирдлагууд оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийнхээ эхэнд ОХУ, Монгол Улсын аж ахуй нэгжийн хооронд байгуулсан гэрээний дагуу Сингапурын үнэд суурилан шатахуун худалдан авах боломж бүрдсэнийг онцолж байлаа.
Тэрбээр “Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт манай улсын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг 2015 оныг өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин буурсан. Үүнээс хойш нефтийн үнэ тасралтгүй өсч байна. Энэ аравдугаар сард нэг баррель нефтийн үнэ 80-87 ам.доллар болж хэлбэлзэх төлөвтэй байгаа. Цаашид газрын тосны олборлолт, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас хамаарч арваннэгдүгээр сард өсөх төлөв харагдаж байна. Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас татварын бодлогын арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны импортын татварын хэмжээг 2017 оны долоо, арваннэгдүгээр сард нэмэгдүүлсэн. Үүнээс хамаарч шатахууны жижиглэнгийн үнэд огцом нөлөөлсөн. Иймд энэ оны нэгдүгээр сард АИ-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Энэ нь жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг саармагжуулсан. Татварын зохицуулалт хийснээс өөр нэмэлт зохицуулалт хийгээгүй. Жил бүрийн аравдугаар сараас дизель түлш өвлийн түлш рүү шилжихтэй холбоотойгоор импортын үнэ тонн тутамд 50 ам.доллараар өсдөг. Буцаад дөрөвдүгээр сард зуны түлш рүү шилжихээр 50 ам.доллараар буурна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ тонн тутамд 45-85 ам.доллар буюу 6-12.6 хувиар өссөн үзүүлэлт байна” гэсэн юм. Үүний дараа үргэлжлүүлэн гишүүдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.
О.Баасанхүү: -Шатахууныг дэлхийн зах зээлийн үнээр авч байхаар ОХУ-аас хямд өртгөөр худалдаж авч болдоггүй юм уу. Энэ асуудлыг яагаад төрийн бодлогоор шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Шатахууны үнэ буурах уу.
Д.Сумъяабазар: -Төрийн бодлогоор явж байгаа. 2012-2016 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, шатахууны үнийг зохистой түвшинд барьж байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шатахууны нөөц, хангамжийн асуудлыг л хариуцаж байгаа. Санхүүгийн зохицуулалт хийх арга замыг Сангийн яам хариуцах эрхтэй. Сангийн яам ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой хязгаарлалтад орчихоод байна. Одоо Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Бид “Роснефть” компанитай шатахуунтай холбоотой асуудлаар ярилцаж байгаа. Нэгдүгээрт, нефть боловсруулах үйлдвэр, нефть хайгуулын салбар, нефть дамжуулах хоолой, нөөц хангамжийн асуудлаар “Роснефть” компанитай хэлцэл хийж, хоёр талд ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж чиглэл авна. Хэлцэл дундаа үнэ буулгах талаар ярихгүй бол шууд үнээ буулга гэж хэлж болохгүй шүү дээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварыг тэглэсэн. Одоо дизельд татвар ногдож байгаа. Бид хууль болон татварын хувьд хийж болох хамгийн том зохицуулалтаа хийсэн.
Д.Тэрбишдагва: -ОХУ Засгийн газартаа өнгөрсөн наймдугаар сараас эхлэн экспортын татварыг 30-90 хувиар нэмэгдүүлэх эрх олгосон. Тэгэхээр шатахууны үнэ ирэх оноос автоматаар нэмэгдэх нь гэж ойлгогдож байна. Энэ асуудлаар ОХУ-тай хэлэлцээрийн ширээнд суух боломж бий юү.
Д.Сумъяабазар: -Бид ОХУ-тай шатахууны асуудлаар ярилцаж байгаа. Саяхан “Роснефть” компанийн төлөөллүүд Монгол ажиллаад буцсан. Удахгүй Засгийн газраар асуудлаа оруулна. ОХУ-ын талаас шатахууны хийн хоолой, үйлдвэрийн ажилд оролцох хүсэлтэй байгаа юм. Бид асуудлыг судалж байна. Хоёр талаас хэд хэдэн удаагийн уулзалт хийхдээ бодлогын хүрээнд асуудлаа ярилцсан.
Д.Эрдэнэбат: -Шатахууны үнэ хамгийн том дарамт болж байна. Д.Сумъяабазар сайд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болдоггүй гэдгийг ойлгож байна. Одоо Засгийн газар, Монголбанктайгаа хамтраад үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. “Роснефть”ийн цахилгаан түгээх станц оруулж ирнэ гэж мэдээлэл гараад байх юм. Үнэн үү.
Д.Сумъяабазар: -“Роснефть” компанид жижиглэнгээр шатахуун худалдаалах эрх өгөх тухай мэдээлэл цахим орчинд нэлээд цацагдлаа. Ийм зүйл байхгүй. Энэ талаар ч яриагүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдсан, хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй. Засгийн газар “Роснефть” компанитай хангамж нөөцийн асуудлаар л хамтарч ажиллах яриа хэлцэл хийж байна. Энэ мэдээллийг дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд зориудаар гаргаж байгаа гэж бодож байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд ашиг авсан хүмүүс шатахууны аж ахуйн нэгжүүд шүү дээ. Дараа нь өөрсдийнхөө байр суурийг хамгаалах үүднээс түрүүлж нийгэмд мессеж өгдөг нь харагдаад байгаа юм