СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Мөнхнасан: Үлийн цагаан оготнотой тэмцэхэд таван тэрбум төгрөг багадна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Үлийн цагаан оготно нь жилд 4.9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулдаг. Үлийн цагаан оготнотой тэмцэх зорилгоор 2019 онд улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд таван тэрбум төгрөг зарцуулах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын эргэлтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Мөнхнасангаас тодрууллаа. 

-Үлийн цагаан оготно байгальд хэрхэн нөлөөл­­дөг вэ? 

- Үлийн цагаан оготно нь Орос, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархсан зүйл амьтан. Манай улсын хувьд 35 сая га газар тархсан бөгөөд энэ нь нутаглах боломжит бүс нь юм. Байгаль, амьтан судлаач, экологичид энэ амьтныг хамгаалах хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Гэвч Монгол Улсын нийгэм, эдийн засагт учруулж байгаа хор хөнөөл нь маш их. Тухайлбал, мөнгөн дүнгээр үнэлэхэд жилд 4.9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг тооцоог бид хийгээд байна. Өөрөөр хэлбэл, үлийн цагаан оготно нэг га талбайд байх хэмжээнээсээ илүү гарсан тохиолдолд бэлчээр, ургамал, хөрс, түүгээр дамжуулан мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын амьдралд ноцтой хор хөнөөл учруулдаг. Тиймээс ХХААХҮЯ үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг жил бүр аймгуудын Засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгуулдаг.

-Үлийн цагаан оготнотой тэмцэхэд ямар арга хэрэглэдэг вэ? 

-Ургамал хамгааллын хүрээлэн хавар, намрын улиралд судалгаа хийдэг. Судалгаагаар хаана их тархаж байна, хаана илүү их өсөх хандлагатайг тогтооно. Судалгааны дүнд тулгуурласан тэмцэх ажил явагддаг. Хүмүүсийн ойлгодог шиг химийн хор хэрэглээд, түүнийг идсэн зэрлэг амьтан, махчин шувуу үхээд байдаг зүйл биш. Байгаль орчинд халгүй биологийн, энгийн механик, микро биологийн арга ашиглан үлийн цагаан оготнотой тэмцдэг. Дээрх аргын алинд ч химийн бодис, хор нөлөө байхгүйг албан ёсоор хэлье. Анх 1980-аад онд энгийн биологийн 14 арга баталж хэрэглэж байсан. Эдгээрээс хамгийн тохиромжтойг нь сонгон хэрэглэж байна. Жишээлбэл, амьд баригчуудыг тавьж барих, үлий ноохойг нь цөмлөх, хөеөг нь авах, ус цутгах, утах гэх мэтчилэн гар доорх материал ашигладаг. Харин биологийн арга гэдэг нь шувууны суудал босгох, үүр барих, үнэг, хярс зэрэг махчин амьтдыг агнахаас хамгаалах, тэдгээрийн бүс нутгийг хамгаалах гэх мэт арга багтана. 

-Микро биологийн арга хэрэглэх нь хөхтөн амьтдад сөрөг нөлөөтэй гэдэг байх аа? 

-Энэ нь хижиг өвчин үүсгэдэг амьд бактерийг буудайнд микро биологийн аргаар өсгөвөрлөөд, үлийн цагаан оготны бүс нутагт цацаж тэдний тоо толгойг хорогдуулах арга. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын гол зорилго бол нэг га талбайд байх ёстой хэмжээнд нь барих явдал юм. Нэг га талбайд 100-аас илүүгүй бодгаль байлгахаар зорьж ажиллаж байна. Одоогийн байдлаар бүс нутгаасаа хамаарч нэг га газарт 200-400 хүртэлх бодгаль үлийн цагаан оготно тоологдож байгаа. 

-Өнгөрсөн жил үлийн цагаан оготнод 1.6 тэрбум орчим төгрөг зарцуулж байжээ. Энэ онд таван тэрбум төгрөг болтлоо өссөн нь ямар шалтгаантай вэ? 
-Зарцуулах мөнгөнөөсөө урьтаж хор хөнөөлийг нь тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, дээр хэлсэнчлэн 4.9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг. Энэ их мөнгийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс зүгээр урсгаж байна гэсэн үг. Цаашлаад тухайн бэлчээрт өвс ургамлын ургац муу байснаас мал, амьтан хорогдох, хээл хаях, ашиг шимээ бүрэн өгөхгүй байх, тэжээлийн дутагдалд орох зэрэг тооцоолоогүй биет бус хохирол гардаг. Үүнтэй харьцуулахад таван тэрбум төгрөг зарцуулна гэдэг харьцангуй бага. Үлийн цагаан оготны хор хөнөөлийг бодитоор бууруулж, эрчимтэй тэмцье гэвэл улсын болон орон нутгийн төсөв, малчдаас тодорхой төсөв бүрдүүлдэг байх шаардлагатай. Тиймээс таван тэрбум төгрөгийн төсөв боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн, хараахан батлагдаагүй байна. 

-Энэ төсөв яг юунд зарцуулагддаг вэ. Төсвийн хяналт бодитой байж чаддаг уу? 

-Манай яам аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газартай шууд гэрээ байгуулж, аймаг нь сумтай харилцаж, сум нь малчдыг татан оролцуулдаг. Малчин энэ үйл ажиллагаанд оролцсоны төлөө нэг га тутамд 1600 төгрөгийн урамшуулал авдаг. Энэ нь малчин хүнд түр ажлын байр бий болгодог зөв гарц. Нэгэнт хүмүүс ажил хийж байгаа учир хоолны зардал гарна. Мөн ус зөөх, шатахуун авах, машин техник төхөөрөмжийн түрээсэнд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс өгч байгаа нийт мөнгөний 50-60 хувийг түр ажлын байрны хөлс буюу урамшуулалд олгодог. 

-Ажлын үр дүнг хэрхэн тооцдог вэ? 

-Үлийн цагаан оготно шар өвчин тээгч учир биетээр харьцахаас аль болох зайлсхийдэг. Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу бидний үйл ажиллагааны үр дүнг мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны улсын байцаагч, ургамал хорио цээрийн байцаагч нар хяналт, шалгалт хийж дүгнэдэг. Жишээлбэл, хэдэн тонн хөеө гаргаж авснаар нь дүгнэнэ. Энэ дүгнэлтэд үндэслэж ажлын үр дүнг тооцдог. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.