Он гарсаар ам.долларын төгрөгтэй харьцах харьцаа 5.6 хувиар өссөн байна. Гэвч ханшийн өсөлтийг хуулиар хариуцах үүрэгтэй Төв банк ямар нэг арга хэмжээ авахгүй, энэ талаар дуугарах гишүүн байхгүй байгаа нь Монголбанкнаас явуулж байгаа бодлого, чиглэлээ гишүүдийг лоббидож шийдүүлдэгтэй холбоотой гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр хийсэн мэдээлэлдээ хэллээ.
Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөж буйгаа мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авсан. Тухайн өдөр төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2043 төгрөг байв. Түүнээс хойш төгрөгийн ханш 25.5 хувиар суларсан байна. Хэрхэн ажиллаж байгаа нь энэ хүрээнд харагдаж байгаа юм.
Миний хувьд 2016 оны аравдугаар сарын 6-нд буюу Монголбанкны ерөнхийлөгчийг ажлаа авснаас гурван сарын дараа асуулга тавьсан. Энэ үеэр ам.долларын ханш 2287 төгрөг байв. Өөрөөр хэлбэл, түүнийг ажлаа авснаас хойш 12 хувиар төгрөг суларч, ажлын хариуцлага тооцно гэдгийг сануулан, арга хэмжээ авахыг шаардаж байсан. Тэгвэл өнөөдөр төгрөг 25.5 хувиар суларсан байна. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна. Хоёрдугаарт, Монголбанкны үйл ажиллагаа хаалганы цаана явагдаж байна. Миний хувьд Төв банкинд шалгалт хийхэд 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон нь тогтоогдсон. Төв банкны зүгээс зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа, нийгмийн халамж, орон сууцны хөнгөлөлттэй зээл зэрэг үйл ажиллагааг төрийн нууц хэлбэрээр нуун далдалж явуулдаг. Явуулж байгаа бодлого, чиглэлээ маш их мөнгө цацаж, лоббидож хэрэгжүүлдэг.
Очиж байгаа хүмүүсийн тухайд авлига авч байна. Зохион байгуулж байгаа хүмүүсийг шулуухан хэлэхэд авлига өгч байгаа үйл ажиллагаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчил юм
Үүний нэг жишээ нь, Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах төслийг хэлэлцэж байна. Энэ сарын 20-нд Монголбанкнаас “Тэрэлж” дэх амралтын газарт хүлээн авалт зохион байгуулахаар Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүнийг урьсан байгаа юм. Би иймэрхүү үйл ажиллагааг эсэргүүцэж байнга сануулж байгаа. Монголбанкныханд ч нэг бус удаа хэлсэн. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой гишүүд очиж болох ч байнгын хороо 19 гишүүнтэй гэдгийг мартаж болохгүй. Үүний цаана УИХ-ын 75 гишүүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Бүх хүмүүсийг худалдаж авч, өөрийнх нь эсрэг хэлэх үггүй болгож ажиллана гэж байхгүй. Монголбанкны Ерөнхийлөгч ёсзүйн алдаа хийж байна. Үүнийгээ удаа дараа буюу Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах явцад ч хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж хүлээн авалт хийж байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Очиж байгаа хүмүүсийн тухайд авлига авч байна. Зохион байгуулж байгаа хүмүүсийг шулуухан хэлэхэд авлига өгч байгаа үйл ажиллагаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчил юм.
Үүний улмаас мягмар гаригийн Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугардаг УИХ-ын гишүүн байхгүй болсон байна. Ганц нэг гишүүн дуугарах гэхээр Монголбанкны Ерөнхийлөгч хэрэлдээд, хэдэрлээд сууж байдаг болжээ. Энэ нь УИХ өөрөөсөө томилогдсон, хариуцлага тооцох ёстой хүндээ хяналт тавих чадваргүй болж байгаагийн шинж” гэлээ.
УИХын гишүүн Т.Аюурсайханы хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас ажлын гараагаа эхэлж, ШӨХТГ-аас УИХ-ын гишүүн болон дэвшсэн. Түүнийг аливаа зүйлийг шударга, шулуухан хэлчихдэг хүн гэх нь ч бий. Тэрбээр одоо ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар авлигын шинж бүхий хэргийн талаар задалж байна. Түүний мэдээллээс үүдэн олон нийтийн дунд Т.Аюурсайхан гишүүний дэлгэсэн Монголбанк, УИХ-ын гишүүдийн хооронд авлига авсан, өгсөн байж болзошгүй баримтыг АТГ шалгах уу гэдэг асуулт үүсээд байгаа юм.