Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ түмэн энэ өдрүүдэд /2019-12-04,05/ Атрын 60 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна
Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ нутгийн зон олон энэ өдрүүдэд Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Ойн хүрээнд чансаа өндөр 64 хүчит бөхийн барилдаан өчигдөр /2019-12-04/ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болж улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Амарзаяа үзүүрлэсэн.
Өнөөдөр /2019-12-05/ Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан Хүндэтгэлийн арга хэмжээ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо үргэлжилж байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж нутгийн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ахмад атарчид, аймгийн 17 сумаас уригдсан хүндэт зочид, Сэлэнгэ аймагтай ах дүүгийн хамтын ажиллагаатай ОХУ, Япон, Солонгос, Герман улсаас уригдсан зочид зэрэг 1000 гаруй хүн оролцож байна.
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн Хүндэтгэлийн арга хэмжээг Үндэсний өв соёлоо дээдлэгч Өлзий телевиз, цахим орчинд LIVETV.MN сайт, Facebook-д LIVETV.MN, SHARE.MN page-ээр, Сэлэнгэ аймгийн "Миний Монгол" телевизүүд шууд дамжуулан үзүүлж байна