Франц улс даяар өнөөдөр буюу пүрэв гарагт ойрын жилүүдэд тохиогоогүй өргөн хүрээг хамарсан ажил хаялт болохоор зэхэж байна. Сая сая хөдөлмөрчид Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн насыг уртасгах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг багасгах хуулийг эсэргүүцэн нэгдэх ажээ.
Цагдаа, хууль, эмнэлэг, нисэх буудлын ажилчин хөдөлмөрчдөөс гадна боловсрол, тээвэр зуучлалын салбарын ажилтан, алба хаагчид ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн байна. Томоохон үйлдвэрчний эвлэлийн удирдагчид өнөөдөр болох ажил хаялт, эсэргүүцлээ Ерөнхийлөгч Макроныг хуулийн төслийг эргүүлэн татах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
1995 онд Франц улс даяар тэтгэвэр тэтгэмжийн хуулийн төслийг шинэчлэхэд ажил хаялт болж, тээврийн салбарын үйл ажиллагаа гурван долоо хоногийн турш зогсож байжээ. Уг ажил хаялтын дүнд олон нийтийн дэмжлэгийг авч, Засгийн газар шинэчлэлийг хүчингүй болгож байсан тухай ВВС мэдээлэв.
Урьдчилсан байдлаар нийт хөдөлмөрчдийн 69 хувь ажил хаялтад нэгдэх ба 18-34 насныхан жагсагчдын дийлэнх хувийг эзэлнэ хэмээн таамаглажээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер улс орон даяар 250 орчим жагсаал болох бөгөөд зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг хэлсэн байна.
Шар хантаазтнууд нэрээрээ танигдсан “gilets jaunes” жагсагчид өнөөдрийн ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ.
Тээврийн салбарынхны үйлдвэрчний эвлэлүүд жагсаалд нэгдэхээ амласан бөгөөд хурдан галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн 10 хувь орчим нь л ажиллана гэж эх сурвалжид дурдсан байна. Мөн Eurostar, Thalys зэрэг олон улсын тээврийн компаниуд ирэх тав хоногийн хугацаанд цагийн хувиараа өөрчлөн багасгасан байна. Нийслэл Парис хот дахь метроны 16 чиглэлийн ердөө тав нь ажиллах ажээ. Дотоодын нислэгийн Air France компанийн 30 хувь, EasyJet-ийн 200 гаруй нислэг цуцлагдаад байна.
Франц улсад сүүлийн 10 жилд тэтгэврийг насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн нь чинээлэг орнууд дунд харьцангуй эрт тогтоосонд тооцогддог. Тухайлбал Их Британид тэтгэврийн нас 65 байдаг аж. Мөн 64 наснаас эрт тэтгэвэрт суувал тэтгэмжийн хэмжээг бууруулахаар Ерөнхийлөгч санаачилсан юм. Тухайлбал 63 настай тэтгэвэрт суувал тэтгэмжийг таван хувиар бага тогтооно гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com