Д.Мягмардорж
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Өөрт чинь боломж, эрх мэдэл, цаг хугацаа байсан. 2014 он
Монголын ард түм ний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт чуулганы индрээс шүүмжлээд, зал гуулан үндэсний төв телевизийн оргил цагийн эфирт хоёр хоног дараа ллан залраадхав. Чуулганы гол индрээс Сангийн сайдын ажлыг заасан төрийн тэргүүн олон нийтийн телевизийн эфирт гармагцаа ирэх онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийг хоёр ч удаа чамласан. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв эдийн засгийн топ өсөлтийн үе 2012 оноос хойш өсөөгүй гэлээ. Тэр дашрамд, Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нараас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр УИХын даргын эхлүүлсэн хэмнэлтийн бодлогыг дэмжсэн гэдгийг зарлаад, ирэх онд хэмнэж болох 1.4 их наяд төгрөгөөр аж үйлдвэрийн комбинат байгуулах өөрийн саналаа дэвшүүлэв.
Өчигдөр энэ талаараа УИХын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг хүргүүлжээ. Олон дахин өсгөсөн гишүүний гэгдэх мөнгөн дээр зураг төсөвгүй барилгуудыг нэмэхэд 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломж харагдаж байгаа аж. Үүгээр 80 сая толгойд хүрсэн таван хошуу малынхаа үр шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санаачилгыг цэнхэр дэлгэцээр ярьсныхаа дагуу УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн албан бичигтээ дурдсан байна.
Эдийн засгийн агуулга, нөөц бололцоогоороо уул уурхайн дараа эрэмбэлэгддэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлж чадвал, түүнээс илүү ардын амьдралд тустай зүйл үгүй биз. Гэхдээ энэ бол төрийн тэргүүний УИХ-ын гишүүн, салбарын сайдаас Ерөнхийлөгч хүртлэх замналдаа гаргаж буй гурав дахь том санаачилга. Тэрбээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан хугацаандаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой мега санаачилгыг хоёр удаа гаргаж, төсөв мөнгийг нь гаргуулан хэрэгжүүлсэн ойрын түүхтэй. Тавантолгойн төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийн зохиогч ч гэж болно.
ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ГАНСҮХИЙН ҮЕД ХЭРЭГЖСЭН “ОВООЛСОН ШОРОО”
УИХ-аас 2010 онд баталсан төмөр замын бод логын амин сүнс нь эдийн засгийн хамгийн өндөр ач холбогдолтой нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байсан юм. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа 267 км урттай “овоолсон шороо” гэгддэг энэ чиглэлийн төмөр замын талаар тайлбар өгсөн байна. Тэрбээр “Овоолсон шороо” чинь миний үед эхлээгүй юм. Миний үед Төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болж, одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Зам, тээврийн сайдаар очсон. Тухайн үед бондоос 280 сая ам.доллар (өнөөгийн ханшаар 700 тэрбум төгрөг)ын хөрөнгө оруулалт гарсан. Тэр мөнгөөр төмөр замын даланг бариад дуусгасан. Одоо дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. А.Гансүхээс хойш хэд, хэдэн сайд солигдсон. Тэд бүгдээрээ төмөр зам хэрхэн тавьдгийг мэддэг.
Энэ төмөр замыг үргэлжлүүлж тавих ёстой юм. Шийдвэр гарсан тул энэ хавар ажил эхлэх байх гэж харж байгаа” гэжээ. Ерөнхийлөгч шууд эфирээр ингэж хэлсэн боловч хууль хяналтын байгууллагууд арай өөр тайлбар хийсэн байдаг. 2015 онд Ухаахудаг Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг хуурамч гүйцэтгэлээр залилсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт Эрүүгийн цагдаагийн газар, АТГаас эрүү үүсгэн шалгасан. Тухайн үед Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа “Эрүү гийн 201501000154 дугаар тай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол
Улсын хилээр гадагш гарсан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, Даланзадгад Чойбалсангийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Харин дээрх хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бич гийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох шийдвэр гарсны дараа Зам, тээврийн сайд асан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм. Харин энэ онд шүүхээс төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг “Компанийнхаа дансаар 800 орчим сая төгрөг завшсан” хэмээн 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, өөр нэг холбогдогч Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК
Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 11ний хуралдаанаар “Сайншандын аж үйлдвэрийн парк” ХХК-ийг татан буулгаснаар Сайншан дын аж үйлдвэрийн цогцолборын төсөл замхарсан юм. Хууль хяналтынхан 2016 оны парламентын сонгуулийн өмнө “Баянгол” зочид буудалд нэгжлэг хийж, “УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэж шуугиан тарьсан нь Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой байв. Тухайн үед “Түмэн хишигтэн” ХХКийн захирал Ш.Эрдэнэтуяа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын туслахаар ажиллаж байсан “Баялгийн хувь” компанийн захирал Г.Түвшинжаргал нарыг баривчилсан. Г.Түвшинжаргалыг “Сайншанд дахь 32 мянган га газарт хийгдсэн ажлыг 3500 га хэмээн хасч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө завшсан гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байна” хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Тухайн үед “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат гадаадад оргосон зайлж, Интерполиор эрэн сурвалжлуулж байсан билээ.
2012 онд Үйлдвэр, аж ахуйн сайд болсон одоогийн Ерөнхийлөгч “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийг байгуулж, ТУЗ-ийн даргаар нь өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг томилж байжээ. Удалгүй “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад АНУ-ын “Bechtel” корпорац ялж, гэрээг үзэглэсэн байдаг. Төслийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтцийг боловсруулах ажлын хөлсөнд нь Монгол Улс 2.4 сая ам.доллар төлсөн. Дараа нь 2013 онд энэ ажлыг урагшлуулах зорилгоор 14 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, АНУ-ын “Fluor” компани судалгааны ажил хийсэн зэрэг мэдээлэл бий. “Уг цогцолбор ашиглалтад ороход манай ДНБ-д үзүүлэх нөлөө Оюутолгой, Тавантолгойгоос хэд дахин илүү” хэмээн тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр магтаж байлаа.
Цогцолборыг барих үед 10 мянга гаруй, ашиглалтын шатанд 2400 хүнийг ажлын байраар хангаж, ойролцоогоор 21 мянган хүн амтай суурьшлын шинэ бүс үүсгэнэ гэхчлэн хачин сайхан зүйл тэр үед дуулдаж байсан түүх саяхных. Харин 2013 онд Засгийн газрын тогтоолоор тус компанийн бүтэц, хэлбэрийг өөрчлөн, төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани болгосон. Удалгүй Дорноговь аймгийн ИТХаас тусгай хэрэгцээнд авсан газрыг ямар нэгэн үйлдвэр бариагүй төдийгүй аж үйлдвэрийн парк байгуулах судалгаа хийсэн ч үр дүнгүй болсон гэж үзэн орон нутгийн хэрэгцээнд буцаан авсан байдаг. Ямартай ч төмөр зам болон аж үйлдвэрийн төслүүдтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудын зүгээс нэг утгатай мэдэгдэл хийж байв. Тэр үеийн мэдэгдлүүдийн утга өнөөдөр замхарсан. Хууль хяналтын байгууллагууд эндүү ташаа шалгаж, мэдээлсэн байж болно.
Гэхдээ татвар төлөгчдийн халааснаас олон зуун тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн төмөр зам, аж үйлдвэрийн парк өнөөдөр алга. Энэ талаар 2014 онд Монгол Улсын дөрөв болон тав дахь Ерөнхийлөгчид нэг ширээний ард өөд өөдөөсөө харж суугаад хэвлэлийнхний өмнө ярилцаж билээ. Тэгэхэд дөрөв дэх нь “Тавантолгойгоор Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих нь орон нутаг, улс орны хөгжилд хэрэгтэй. Эхлээд хөндлөн төмөр замаа тавья гээд Х.Баттулга сайд болоод ажилласан өнөөг хүртэл тавигдаагүй л байна. Нүүрс авах эзэн нь байгаад үнэ хүрч байдаг л юм бол бид нүүрсээ борлуулж байх хэрэгтэй. Эхний ээлжид хөндлөн төмөр замаа тавья гэтэл босоо нь тавигдаагүй байхад болдоггүй юм байна. Ингээд шат дараатай явъя гэж байна. Энэ ажилд хүрз барьж чадах хүн бүрийг аваачиж, ажиллуулаад 2010 он гэхэд үр дүн гаргаарай гэсэн. Гэтэл өнөөдөр юу ч алга.
2010 онд дахиад уулзсан, 2012 онд хийгээрэй гэсэн. Дахиад л үр дүн байхгүй. Өөрөө ч ажил хийхгүй, хүний ч ажлыг хийлгэхгүй юм. 2013 онд Засгийн газрын хуралдаанд оролцоод “Битгий шалтаг тоочоод, санаа алдаад суугаад бай” гэж А.Гансүх, Х.Баттулга хоёрт хэлж байсан. Үргэлж сануулж байсан. Өөрөө л энэ ажлыг хийх ёстой. 2012 оны сонгуулийн дараагаар Х.Баттулгад Сайншандын аж үйлдвэрийн паркийг хийж ҮХАА-н сайд хий гээд дэмжсэн. Одоо тэр Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Тэнд юу хийгдсэн бэ. Саяхан над руу холбогдох ИТХ-ын дарга нь ярьсан. “Газрын асуудлыг нь Алтанширээ сум руу шилжүүлэхгүй бол болохгүй нь. Усны асуудал хүндрэлтэй, сонгож авсан газар цэвдэгтэй юм байна” гэсэн. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх хэрэгтэй. Өөрт чинь боломж, эрх мэдэл, цаг хугацаа байсан. Шийдвэрүүд нь байсан” хэмээн зэмлэж байсан юмдаг.
Тэгвэл өмнөх хоёр ч мега төслөө хэрэгжүүлж чадаагүй Ерөнхийлөгчийн гурав дахь санаачилга нь яах бол. Одоогийн эрх мэдлийн хуваарилалтаас харахад, мал аж ахуйн парк байгуулах санаачилгыг батлан хэрэгжүүлэх эрх нь МАН-д бий. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгатай санаачилгыг УИХ-ын олонх баталж өгөөд, Засгийн газар шууд хэрэгжүүлнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл. Харин цаазын хууль, хоригуудын адилаар нэг хэсэгтээ шуугиан үүсгээд өнгөрөх 1.4 их наяд төгрөг ярьсан пиар болох магадлал өндөр. Тэгээд ч эрх баригч нам 2020 он гэхэд сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг 100 хувь шийднэ гэж гарч ирсэн.
Тэр амлалтаа ирэх оны төсвийн жилээс эхлэн биелүүлэхээр төсөлдөө суулгасан харагдана билээ. Нөгөө талаар 1.4 их наяд төгрөг бол Монгол Улс гадаадаас босгосон хоёр ч бондын эргэн төлөлтийг хийх хэмжээний мөнгө. Ерөнхийлөгчийн таамаглаж буйгаар дэлхийн нийтийг хамарсан санхүүгийн хямрал асуй бол 2021 оноос эхлэх өрөө өнөөдрөөс эхэлж дарсан нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол талаасаа илүү чухал алхам болно. Энэ нь АН болон МАН-ын улсаа өрийн дарамтаас гаргах аль алиных нь санаачилгад нийцэх бус уу.