УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригийг буруутгасангүй. Ямартай ч хэлэлцэж байж шийдэх ёстой гэж тэрээр үзэж байна. Ер нь 2020 оны төсөвт Нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн нь арга ядсан арга гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөр/ОУВС/-т үндсэндээ зургаа дахь удаагаа хамрагдсан. Хамгийн сүүлийн удаагийн хөтөлбөрт хамрагдахдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувь, хоёр хувь, хоёр хувиар, нийт таван хувь нэмэхээр тохиролцсон. Гэхдээ би Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийн эсрэг байр суурьтай байдаг. Бид ОУВС-ын хөтөлбөрөөс 2020 оны 5-р сард гарах ёстой. Цаашид үргэлжлүүлэх үү, өөрсдөө аваад явах уу гэдгээ шийднэ. Хэрэв ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ОУВС-ын хөтөлбөрөөс гарах шаардлага үүснэ. Тиймээс Засгийн газрын түвшинд ОУВС-тай уулзалт хийж, Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг өөр эх үүсвэрээс гаргах эсэхээ тохирох ёстой.
Өөрийгөө санхүүжүүлээд авч явж чадахгүй салбар манайд олон байгаагийн нэг нь Нийгмийн даатгалын салбар. 2020 оны төсвөөр жишээлж үзэхэд 2,1 их наяд төгрөгийн орлогыг Нийгмийн даатгалын сан олох юм байна. Гэтэл 2,5 их наядын зарлагатай. Үлдсэн 400 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авна. Мөн 17 төрлийн халамжид 756 тэрбум төгрөг зарцуулна. Энэ мөнгийг мөн улсын төсвөөс татаас хэлбэрээр авдаг. Ингээд Нийгмийн даатгалын шимтгэл, халамж хоёрт л гэхэд улсын төсвөөс 1,1 их наяд төгрөгийн татаас өгдөг.
Тиймээс үүнийг багасгах шаардлагатай. Үүний тулд ОУВС-тай тохирох, ярилцах ёстой.