БНХАУ-ын иргэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас гар утасны дугаараа солилгүйгээр үүрэн телефоны оператор компаниа солих боломжтой болжээ. Тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлж буйгаар, дугаартайгаа шилжих үйлчилгээг өнгөрсөн жилээс туршсан бөгөөд туршилтын хугацаанд тулгарч байсан бэрхшээл, асуудлыг цэгцэлж дууссан байна.
БНХАУ-ын ард иргэдийн олонх нь “China Telecom”, “China Mobile”, “China Unicom” гэсэн гурван томоохон телефон компанийн хэрэглэгч. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Харилцаа холбоо удирдлагын товчооны дарга Лу Чунчу нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “БНХАУ дугаартайгаа шилжих үйлчилгээг 2010 оноос судалж эхэлсэн. Хэдийгээр уг үйлчилгээг эртнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч техникийн хувьд болон хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байсан тул нэлээд олон жил алдсан. Харин өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ оны эцэс гэхэд дугаартайгаа шилжих үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн нь үр дүнгээ өглөө” хэмээжээ.
Туршилтын хугацаанд буюу өнгөрсөн сарын 26-ны байдлаар 3.1 сая хүн дугаартайгаа шилжсэн байна. Харилцаа, холбооны үндэстэн дамнасан ZTE групп дугаартайгаа шилжих үйлчилгээг БНХАУ-д нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллажээ.
Манай улс дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх талаар ZTE-гийн холбогдох албаныхантай уулзаж байсан билээ. Харин тус группийн зүгээс Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Шалтгаан нь нэг талаас манай зах зээл бага, хоёрдугаарт Хятадад хэрэгжүүлж байгаа төсөлдөө анхаарлаа хандуулж ажиллана хэмээн холбогдох албаны хүн нь тайлбарлаж байв.
Дугаартайгаа шилжих үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд нэвтрүүлж эхэлсэн байдаг. Хонконг 1999 онд энэ үйлчилгээг нэвтрүүлээд арван жилийн дотор 461 сая хонконг долларын ашиг хүртэж байжээ.
Британийн хэрэглэгчийн нийгэмлэгээс явуулсан судалгаагаар “British Telecom” компанийн хэрэглэгчийн 70 хувь нь дугаартайгаа шилжих сонирхолтой байгааг тогтоосны дараа буюу 1999 оноос тус үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлснээр тус улс арван жилийн дотор 14.3 тэрбум ам. доллартой тэнцэх хэмжээний ашиг олсон гэсэн судалгаа бий.
БНСУ дугаартайгаа шилжих үйлчилгээг 2004 онд нэвтрүүлж шударга, тэнцвэртэй өрсөлдөөнийг хангах зорилгоор оператор тус бүрийн зах зээлд эзлэх хувиас хамааруулан шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Ингэснээр маркетингийн ширүүн өрсөлдөөн үүсэж, үнэ тариф нь тодорхой хэмжээгээр буурч хэрэглэгчдэд өгөөжөө өгчээ.
Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн 80 гаруй улс харилцаа холбооны салбартаа нэвтрүүлээд байгаа.
Дэлхийн улс орнуудын жишгээс харахад багадаа 2-3 жил, дээд тал нь найман жилийн дараа хэрэглэгч дугаартайгаа шилжих боломж бүрдэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефон оператор компаниудын хамтран хийсэн судалгаагаар энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн улс орнуудын хувьд нийт хэрэглэгчийн 7-15 хувь нь нэг оператороос нөгөө рүү шилждэг гэсэн тоо гарчээ.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com
Ц.Даваасүрэн "Үндэсний шуудан" сонин