Дэлхийн хамгийн шилдэг хайлтын систем Google компани энэ жил Талархлын баярын үеэр дөрвөн ажилтнаа халсан тухай мэдэгдсэн. Гэвч эдгээр ажилтнууд тус компанийг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн ба үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэж үзсэн учраас шүүхэд хандахаар болжээ.
Google программ хангамж хариуцсан дөрвөн инженерээ нэг биш удаа дараа мэдээллийн аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, ажилчдын мэдээлэлд нэвтэрсэн гэж үзсэн учраас тэднийг ажлаас нь чөлөөлсөн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Гэвч халагдсан инженерүүд тэдэнтэй энэ талаар уулзаж хэлэлцээгүй ба гэнэт халагдсан тухай нь зурвасаар мэдэгдсэн гэжээ. Холбооны хөдөлмөрийн хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж The Guardian сонинд тэд ярьсан байна. Google Хөдөлмөрийн хууль зөрчөөд зогсохгүй бусад олон арван мянган ажилтныг ажлын байраа алдах айдаст оруулж байна гэж үзжээ.
Google-ын үүсгэн байгуулагчид ажлаа хүлээлгэж өгөв
Энэ хооронд Google хайлтын системийг хамтран үүсгэн байгуулж байсан, тус компанийн толгой Alphabet-ын гүйцэтгэх захирал Ларри Пэйж, Ерөнхийлөгч Сергей Брин нар ажлаа хүлээлгэж өгч байгаагаа мэдэгджээ. Тэд компанийг орхих ч удирдах зөвлөлд үлдэх юм байна.
Google компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Сундар Пичай Alphabet-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ.
1998 онд Калифорн дахь гараашид Google-ын санааг олж байсан 46 настай Пэйж, Брин нар 2015 онд Alphabet-ыг үүсгэн байгуулагдахад удирдах албан тушаалтнууд болсон юм. Тэд мягмар гарагт албан үүргээсээ чөлөөлөгдөж байгаагаа хамтран мэдэгдэхдээ “бид гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх ч удирдах зөвлөлийн гишүүд, хувьцаа эзэмшигчид, үүсгэн байгуулагчид хэвээр үлдэнэ. Менежментийн бүтцээ илүү хялбар, тодорхой болгох цаг нь аяндаа иржээ. Alphabet, Google-д хоёр ерөнхийлөгч, хоёр гүйцэтгэх захирал шаардлагагүй” гэжээ.
Мөн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүн Пичайгаас өөр байхгүй гэдэгтэй санал нэгдсэн байна. 47 настай Сундар Пичай нь Энэтхэг улсад төрсөн бөгөөд АНУ-ын Стэнфордын их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж 2004 онд Google компанид орж байжээ.
Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com