Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэгч Швед улсын иргэн 16 настай Грета Тунберг АНУ-аас эхлүүлсэн Атлантын далайн аяллаа гурван долоо хоногийн дараа дуусгаж Португалийн нийслэл Лисабон хотод ирсэн байна.
Дэлхийн удирдагчдыг загнаж, залуу үеийг эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсаар байгаа Грета охин энэ сарын 2-13-ны өдрүүдэд Испанийн Мадрид хотод үргэлжилж буй НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг 25 дахь удаагийн бага хуралд оролцох юм.
Тэрээр Испанийг зорихдоо нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг, байгаль орчинд хортой онгоц, машин зэрэг тээврийн хэрэгслийг энэ удаагийн аялалдаа сонгохоос татгалзаж, Австралийн гэр бүлийн хамт 15 метр хэмжээтэй, нарны зай хураагуур, усан цахилгаан үүсгүүр бүхий Ла Вагабонде нэртэй эко завийг сонгосон билээ. Гретагийн урт удаан хугацааны аялалд аав нь цуг явжээ.
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч охин Испанийн хөрш Португал улсад орон нутгийн эрх баригчид, цаг уурын эсрэг тэмцэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.
НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг бага хурлыг зохион байгуулж буй Чили улсын Хүрээлэн буй орчны сайд Каролина Шмит Грета охины хүчин чармайлтыг сайшаан магтжээ. “Тэр охин бол дэлхий даяар олон хүн, олон залуусын зүрх сэтгэлийг нээж, тэднийг хөдөлгөх удирдагч мөн” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com