Онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй оршиж ирсэн Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтолыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо дэлгэгджээ.
Уг үзэсгэлэн Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа "Монголын соёлын өдрүүд"-ийн цуврал арга хэмжээний нэг юм.
Хятадын ард түмэнд толилуулж буй тус үзэсгэлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн 40 зургаас бүрджээ. Дөрвөн улирлын өнгө аяс, монголын ард түмний эрт, эдүгээгийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс харуулсан тус үзэсгэлэн Монгол орноо гадаадад сурталчилсан соёлын салбарын чухал ажил болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн дарга Зяо зунь, нарийн бичгийн даргын орлогч Ван Жюэ Шюнь, Хятадын гэрэл зурагчдын холбооны гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгч Гуан Лэлэ нарын зэрэг хүндэт зочид уригдаж, тус улсын мэргэжлийн гэрэл зурагчид ирсэн байна. Үзэсгэлэн Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.