-“Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх” ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Энэ үеэр илтгэл тавьсан зарим мэргэжилтнүүдийн яриаг хүргэж байна.-
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга,хурандаа Ж.Эрдэнэболд:
-Мансууруулах үйлчилгээтэй зэрлэг ургамал канабасын тархац, байршлыг тогтоох, сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрлийг илрүүлэх, гэмт үйлдлийг таслан зосгоох зорилгоор 2019.08.27-10.18-ны хүрээнд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд канабасын ургацтай газруудыг шинээр илрүүлж, 41 холбогдогчтой 28 хэргийг илрүүлж, үйлдлүүдийг газар дээр нь таслан зогсоож 28,5кг канабас, 45,8гр гашиш, 4,2литр канабасын тосыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас НШШГГ болон НПГ-тай хамтран шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, албадлагын арга хэмжээ авахуулсан 64 иргэнд сургалт зохион байгуулж, гэнэтийн үзлэг зохион байгуулсан. Ингэхэд дээрх 64 иргэний 20 нь тэнсэн харгалзах ялтай байхдаа дахин хэрэглэжээ. Улмаар дөрвөн иргэн нь хар тамхи, мансууруулах бодисоо хадгалж байсныг тогтоосон. Тиймээс дээрх иргэдийн ялыг өөрчлөх санал хүргүүлсэн байна.
СЭМҮТ-ийн захирал, доктор Л.Насанцэнгэл:
-Дэлхий дахинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн эмийн үйлдвэр гурав дахин нэмэгджээ. Мөн 15-65 насны 250 сая хүн хар тамхи, мансууруулух бодисын хэрэглэгч байна. 29 сая нь байнгын хэрэглэдэг гэж бүртгэгджээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн албан дээр үйлчилгээ авсан иргэдийн тоог харвал
2018 онд -52 хүн
2019 оны 11 сар -49 хүн хэвтэж эмчлүүлэх тусламж үйлчилгээ авсан байна.
Амбулторын тусламж үйлчилгээ мөн өсөх хандлагатай байна.
2017 онд - 40
2018 онд – 52
2019 оны 11 сар – 32 хүн үйлчлүүлсэн байна. Улсын хэмжээнд зан үйлийн эмгэгтэй хүний тоо 2017 онд 62, 2018 онд 74 байна гэсэн тоо гарсан.
Донтох эмгэгт өртсөн хүмүүс ихэнхдээ оппойд, канабинойдыг хэрэглэж, хэвтэж эмчлүүлдэг байна. Дэлхий нийтээр 560 гаруй төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл байдаг. Гэвч эдгээр нь эмчилгээний үр дүн маш бага байгааг тогтоожээ. Тухайлбал, АНУ-д жилдээ 72 мянан хүн тунгаа хэтрүүлж нас бардаг байна. Үүний 17 мянга нь оппойдоос болдог. Харин үүний эсрэг эмчилгээ хийж байгаа метадоноосоо болж мөн 28 мянан хүн нас бардаг байна. Өөрөөр хэлбэл, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэж өвчилсөн хүмүүсийгг эмчлэх арга, эм, тариа нь ч буруу байгаа юм. Тиймээс урьдчилан сэргийлэх нь ихээхэн чухал.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Засгийн газраас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Энэ төсөл дээр зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн ял оноох, бүх насаар нь хорих ял оноох зэрэг зохицуулалт оруулсан. Ингэснээр хар тамхи, мансууруулух бодис хэрэглэсэн, худалдсан, борлуулсан бол оноох ял нь нэмэгдэнэ гэсэн үг.
Хар тамхи, мансууруулх бодистой холбоотой гэмт хэргийн тоо 2019 оны 11-р сарын байдлаар 169 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Жилд 30 хувиар өсч байна.
Мөн энэ хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 хүртэлх насныхан. Энэ бол нийгмийн тахал болтол тулгамдсан асуудал болсон байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хамтын оролцоо чухал.