Бага тэнгисийн хоолойн усан хил эзэмшилд нь багтдаг Байгал нуурын эрэг орчмын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэвсгэр нутагт автомашин, цаснаа явагч, дөрвөн дугуйт мотоцикл зэргийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр мөсөн дээгүүр явуулахыг хориглосон болохыг зөвлөгөөнд оролцогчид сануулав. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн бага оврын хөлөг онгоцны улсын байцаагчдаас гадна Байгал нуурын эрэг орчмын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн улсын байцаагч нар эргүүл хийх ажээ.
-Энэ онд бид байгууллага хоорондын харилцан үйл ажиллагааны хүрээнд бага оврын хөлөг онгоцны улсын байцаагч нарын хамт анх удаа эргүүл хийж эхэлж байна. Үзлэг шалгалтыг тогтмол хийнэ. Холбооны №33 тоот хуулийн дагуу байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрт зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэн зорчиж болно. Иргэд хэрвээ өөртөө ийм баримт бичиг байхгүй тохиолдолд захиргааны зөрчлийн тухай протокол үйлдэнэ. Хувь хүнийг торгох хэмжээ гурваас дөрвөн мянган рубль байна хэмээн Холбооны мэдлийн улсын төсвийн байгаль хамгаалах “Байгал нуурын дархан цаазат газар” байгууллагын дэд захирал Василий Пестерев өгүүлэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зорчих зөвшөөрөлтэй бол мөсөн дээгүүр явганаар, агаарын хийлсэн бөмбөлөгөн “Хивус” онгоцоор, авран хамгаалах “Трекол” автомашинаар, тэшүүрээр, бас нохой хөллөсөн чаргаар явж зугаалж болно.
-Энэ цаг мөчид Куркутын булангаас Узурын цаг уурын станц хүртэл Бага тэнгисийн усан хилийн талбайд 160 км урт мөсөн замыг паспортжуулах ажил хийж байна. Замын дагуу хязгаарлах тэмдэглэгээ, мэдээллийн самбар зэргийг хийхээр төлөвлөсөн. Мөн түүнчлэн дулаацах цэгүүдийг зохион байгуулах боломжийг авч үзнэ хэмээн Холбооны мэдлийн улсын төсвийн байгаль хамгаалах “Заповедное Прибайкалье” байгууллагын аялал жуулчлалын хэлтсийн дарга Кристина Глотова онцлов.
Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: www.polit.mn