Монголын хөгжмийн урлагт өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч бол Mrs’M юм. “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа”, “Tasty”, “Гоё тэ” зэрэг уран бүтээл нь түүнийг ямар дуучин болохыг төвөггүйхэн өгүүлнэ. Түүнтэй утсаар холбогдож, “Блиц” буландаа урилаа.
-Уран бүтээлийн нэрээ яагаад Mrs’M гэж нэрлэсэн юм бэ?
-“Цор ганц” дуугаа бичүүлж дуусаад цацах гэхэд аав, ээж минь зөвшөөрөөгүй юм. Тиймээс царайгаа нуух шаардлага гарсан. Мөн нэрээ Mrs’M гэж өөрчилсөн. “Mистерс” буюу хатагтай гэдэг үгийн араас “М” үсэг сонгосон.
-Та өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл?
-Сониуч, тууштай, баригдмал бус.
-Өөрийн тань үлгэр дууриалал авдаг хүн?
-Аав, ээж хоёр.
-Баримталдаг зарчим?
-Залхуурахгүй, цаг мөч бүрийг алдахгүй байхыг зорьдог.
-Сонирхдог спорт?
-Усанд сэлэлт, сагсан бөмбөг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Найзуудтайгаа уулзаж, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Ер нь чөлөөт цагаараа хайртай, дотны хүмүүстэйгээ хамт байх дуртай.
-Таны багын мөрөөдөл юу байв. Түүндээ хүрсэн үү?
-Багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Мөрөөдөлдөө хүрч чадсан болохоор одоо илүү том зүйл мөрөөдөж, зорьж байна.
-Уран бүтээлээ хэд дэх жилдээ туурвиж байгаа вэ?
-Би “Unicorn” гэдэг нэртэй охидын хамтлагт бөмбөрчин байсан. Манай хамтлаг анх 2008 онд “PlayTime” наадамд оролцсоноос хойш урлагт хөл тавьсан гэж хэлж болно.
-Сүүлд цацсан “Сувгаа соль” дууны тухай?
-Рэппэр Гинжинтэй хамтарч “Сувгаа соль” дуугаа бүтээсэн. Таагүй байдлаа ардаа хаяж, сувгаа солин өдрийг гоё өнгөрүүлээрэй гэсэн утгыг сонсогчдодоо хүргэхийг зорьсон юм.
-Хип хопоос өөр урсгал чиглэлээр уран бүтээл туурвихыг зорьдог уу?
-Хөгжмийн төрөл бүрийн урсгал чиглэлээр дуу бүтээхийг зорьдог. Тухайлбал, R&B, поп, жазз зэрэг төрлөөр.
-Дуулахаас гадна өөр ямар авьяастай вэ?
-Шүлэг бичнэ, гитар тоглоно.
-Цаашид ямар уран бүтээл туурвихаар зорьж байна?
-Ирэх жил бие даасан шинэ цомог гаргахаар зорьж байна. Ерөнхийдөө соло дуун дээр түлхүү ажиллая гэж бодож байгаа.
М.Отгонзаяа
"Үндэсний шуудан" сонин