ҮДБЭЧ-ыг 2016 онд Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр болгон өөрчилсөн. Тус театрт дуу анги, хөгжим анги, бүжиг анги, тайз гэрлийн ажилтнууд, захиргаа удирдлагын бүрэлдэхүүнтэйгээ нийлээд 189-214 хүн ажилладаг. Тус театр нь ардын урлагийн өв сангаас төдийгүй дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон.
Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцох, гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо байнга толилуулахаас гадна Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ түвшинд гаргаж тавихаар ажиллаж буй театрынханд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр гадаадын улс орнуудтай харилцаа холбоо тогтооход ихээхэн дэмжлэг үзүүлж буй гэнэ. Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн хоёр том байгууллага дундаа нэг тайзтай. Тиймээс хоёр байгууллагын уран бүтээлчдэд уран бүтээлээ толилуулах асуудал төвөгтэй байдаг бололтой. Заримдаа уран бүтээлчдийн дунд тайзны асуудлаас болж зөрчил үүсдэг тул Үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал Г.Цоггэрэл театраа өөрийн гэсэн байртай болгохоор хичээн зүтгэж буй.
Хоёр театр хүний хөл хөдөлгөөн их, автобус, авто машин түгжирдэг замтай ойр байрладаг тул жуулчдын компаниуд төдийгүй жуулчид ч их дургүйцдэг байна. Тэрбээр энэ тухайгаа “Миний бодлоор Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд театрын барилгыг бариулчихвал Монголын үндэсний урлагийн ирээдүйд том хөрөнгө оруулалт болно. Жуулчид болоод иргэдийн уран бүтээл үзэж сонирхох орчин их чухал. Тиймээс 500-1000 машин зогсох талбайтай, тав тухтай тохилог орчинтой байгаасай гэж боддог. Шинээр баригдах театрын шавыг зөв газар тавиасай ” хэмээн өгүүлжээ. Гаднын жуулчдын зуны үзвэр үйлчилгээний хамаг гол ажлыг нугалдаг театрын барилгын хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг хийж, газрын зөвшөөрлийг ирэх онд олгохоор болсон байна. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар нь бүхэлдээ "Голомт"-ын толгой компанийн мэдэлд байдаг. "Голомт" банк газраасаа өгөх болов уу?