Уругвай улс марихуан буюу каннабис ургамлыг худалдах, худалдан авахыг хуулиндаа зөвшөөрсөн дэлхийн анхны улс бол Канад хоёр дахь нь боллоо. Лхагва гарагийн шөнийн 00 цагаас хойш Канадад марихуаныг хуулийн дагуу борлуулж эхэлсэн.
Зүүн эргийн Ньюфаундлэнд хотод олон зуун иргэн марихуан худалдаж авахаар урт дараалал үүсгэжээ. Канад улсад 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл каннабис олсны ургамал болоод марихуаныг зөвхөн эмчилгээний журмаар ашиглахыг зөвшөөрдөг байсан юм.
Канадад оршин суудаг 15 сая айл өрх хуулийн заалтыг дагаж мөрдөнө. Гэхдээ марихуан хэрэглэсэн үед жолооны ард суух нь эрсдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлсээр байна. Иргэдийн хувьд хуулийн дагуу каннабис худалдан авах эрхтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Хамгийн их хүн ам оршин суудаг Онтарио мужид ирэх оны хавар албан ёсоор каннабис зардаг дэлгүүрүүд нээгдэнэ. Тэр хүртэл онлайнаар худалдаж авах боломжтой. Харин каннабисын хэрэглээгээрээ тэргүүлдэг Бритиш Колумбиагийн иргэдэд зориулсан дэлгүүрүүд өнөөдөр нээгджээ.
Либерал намын дарга Ерөнхий сайд Жастин Трюдау 2015 онд сонгуулийн кампанит ажилдаа энэ талаар тусгаж байжээ. Хэдийгээр Канад улс 100 жилийн турш мансууруулах бодисны хэрэглээг гэмт хэрэгт бүртгэн ял шийтгэл оноосоор байсан ч дэлхийн хамгийн их мансууруулах бодис хэрэглэгч орон байсаар ирсэн.
Тиймээс үр ашиггүй хуулийг халж, марихуаныг борлуулж эхэлбэл хэрэглэгчдийг хянах, гэмт этгээдүүдийн ашиг орлогыг бууруулах үр дүнтэй гэжээ. Холбооны Засгийн газар каннабисыг хуулийн дагуу борлуулснаар жилд 400 сая долларыг татварын ашиг орлогод нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.
Эх сурвалж: www.bbc.com