Иргэн Ч.Ганболдын төрсөн дүү нь ажлын байран дээрээ дөрвөн жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөлгөж, амь насаа алдсан байдаг. Уг хэрэг болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж, таван удаа хаагдаж, таван удаа нээсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын гадна иргэн Ч.Ганболд уг хэргийг Нээлттэй шүүх хурлаар хэлэлцэж өгтөл тус газрын үүдэнд энэ сарын 2-9-ныг хүртэл 11.00-16.00 цагийн хооронд суулт хийх зөвшөөрлөө авсан гэдгээ харуулав.
Тэрбээр дүүтэйгээ хамт авто сэлбэг, авто дугуй зарах бизнес хийдэг байжээ. 2015 оны нэгдүгээр сарын 3-ны дүүг нь оффистоо байхад алуурчид гурван удаагийн давтамжтайгаар хоолойг хэрчин, толгойг тастан, гэдэс рүү нь ангийн хутгаар хоёр удаа хутгалуулсан байна. Энэ бүгдийг шүүх эмнэлгээс тогтоожээ.
Гэвч уг хэргийг амиа хорлолт болгон харагдуулах гэж байгааг иргэн Ч.Ганболд эсэргүүцэн өнөөдрийг хүртэл прокурорын байгууллага шударга ажиллахгүй байна. Уг хэргийг шийдэж өгөөч хэмээн Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ш.Нямдорж шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Тэрбээр “Би нэг ширхэг шүдэнзний толгойн чинээ худал юм хэлсэнгүй. Хэрэв би худал яривал прокурорууд намайг ална. Би дөрвөн жил гаруй хугацаанд дүүгийнхээ аллагын хойноос явж байна. Үүнээс болж би сэтгэл санааны гүн хямралд орж, харвалт өгөөд, эмнэлэгт 2 жил тарчилж, зовж хэвтлээ. Хэрэг явдал оффисын өрөөнд болсон гэдэг нь цусанд будагдсан цонхноос харагддаг.
Гэтэл дүүгийн минь цогцсыг ажлын заалнаас гаргаж ирсэн шүү дээ. Оффис өрөөнөөс нь чирж аваачиж тавиад, цустай хувцсыг нь авч яваад ганц ноолууран цамц өмсгөсөн байсан. Ял завшигч нь А.Уранцэцэг гэж хүн бий. Гэтэл өнөөдөр энэ прокурорууд “Хэрэг шалгагдаж байна” гэх үгээр хаацайлж, энэ бүхнийг нуун, ахин хэргийг хаах гэж байна. Би уг нь гадна ингэж зогсох биш, шүүх хурал дээр яримаар байна. Гэвч прокурорууд энэ онц хэрцгий аллагыг нууцалж байна” гэлээ.