Мальта улсын блогчин, авлигын эсрэг тэмцэгч сэтгүүлч Дафне Гаруана Гализиагийн аллагын хэрэгт холбогдуулан Засгийн газрын танхимын гурван гишүүн огцроод байгаа. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Жозеф Мускат огцрох тухайгаа үндэсний телевизээр дамжуулан мэдэгджээ. Ерөнхий сайд шинэ он солигдсоны дараа албан үүргээ хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Тэрээр эрх баригч Хөдөлмөрийн намд хандан ирэх нэгдүгээр сарын 12-ны өдөр албан тушаалаасаа буух учир дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүсэлтээ илэрхийлжээ.
Автомашинтай дэлбэрч амиа алдсан сэтгүүлчийн хэргийг шударга шүүхийг нэхсэн жагсагчид Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардсан юм. Мальта улсын нэр хүндтэй бизнес эрхлэгчид, улс төрчдийн авлигын хэргийг эрэн сурвалжилж байсан Гаруана Гализиа 2017 онд бусдад хорлогдсон билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын чинээлэг бизнес эрхлэгч Йорген Фенечийг аллагын хэргийг зохион байгуулалцсан хүмүүсийн нэг гэж үзэн хэрэгт холбогдуулан татсан юм.
Ерөнхий сайдын албан тушаалыг зургаан жилийн турш гүйцэтгэж, хоёр удаагийн сонгуулиар илт давуу ялалт байгуулан гарч ирсэн эрхэм Мускат хэлэхдээ “бусдын ажлыг сайн хийлгэхийн тулд зарим зөв шийдвэрийг гаргах ёстой байдаг. Хохирогчийн ар гэрийнхний туулж буй зовлон шаналалтай харьцуулах зүйл үгүй тул би хариуцлагаа бүрэн хүлээнэ. Мальта улсад шинэ эхлэл хэрэгтэй, би ердөө үүнд дохио өгч байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчийн үхлийн хэргээр байцаалт өгсөн Ерөнхий сайдын нэгдүгээр туслах Кэйт Шембри огцорсон бол Аялал жуулчлалын сайд Конрад Мицци мөн огцорч, Эдийн засгийн сайд Крим Кардона өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзсэн байна. Тус улсын цагдаа нар хэргийн гол захиалагчийг олж, чухам яагаад сэтгүүлчийг онц хэрцгийгээр хөнөөх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com