Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын Даян багийн Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин осолдсон хэрэг энэ сарын 1-нд гарчээ.
Тус аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч тус сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А автомашинтайгаа живсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн нуурын баруун урд эргээс 400 м-т, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт иргэний цогцсыг нуураас гаргажээ.
Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ тус сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ жолоодож явсан улсын дугаар, загвар тодорхойгүй суудлын автомашинтай /2 зорчигчтой/ хөдөө гэр рүүгээ явах замдаа автомашин нь эвдэрч иргэн С-ийг ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 04:22 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашинтай мөн өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа тухай сумын Засаг дарга Б.Энхжаргал аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.