Онцгой байдлын ерөнхий газраас 2019 оны эхний 11 сард улсын хэмжээнд гарсан ахуйн болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ.
Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд нийт 3908 удаагийн гал түймэр гарч, 9.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 55 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1583 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1046 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувь буурсан байна.
Нийслэл хотод нийт 2609 удаагийн гал түймэр гарч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1299 удаагийн гал түймэр гарч, 5.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Ой, хээрийн гал түймэр 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 66 суманд 121 удаа гарч, 50306,8 га ой, 261491,9 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, дөрвөн гэр шатсан байна.
Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.