Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумыг нэвсийтэл цас даржээ. Хэний ч мөр гараагүй шинэхэн цасан дээгүүр алхахад шар, шар хийх чимээ гарах нь цаанаа л нэг сайхан. Явсан мөрөө эргэж харвал хазгай, далий гишгэлгүй, тэгшхэн алхжээ. Гэвч хүмүүний амьдралын зам үргэлжид ийм дардан басхүү гэгээн байдаггүй. Амьдралын дунд хүн бүр өөр өөрийн жимээр алхална.
Бидний дунд “Өнөөдрийн энэ амьдрал надад бурхнаас зурж өгсөн хувь тавилан” хэмээн уй гуниг, зовлон бэрхшээлтэй эвлэрч суух хүмүүс цөөнгүй. Үүний яг эсрэг талд “Амьд байгаа цагт учир нь олдоно” хэмээн нойр, хоолыг мартаж өдөр, шөнөгүй ажиллах хүмүүс ч бий. Тэдний нэг нь Т.Нарантуяа юм. Түүнийг бусдаас тусламж гуйж, сул дорой нэгэн байхыг хүсдэггүй зан нь өөрийн хөлс хүчээ урсгаж, оёдлын цехийн эзэн болоход нь хөтөлжээ. “Эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль гэх дорвитой зүйлгүй болохоор чаддаг зүйлээ маш сайн хийе гэж шийдсэн” хэмээн дурсаж суух Т.Нарантуяатай уншигч таныг уулзуулъя.
Тэрбээр анх аймгийнхаа ахуй үйлчилгээний байранд жижиг өрөө түрээсэлж, ганц оёдлын машинтай ажлын гараагаа эхэлсэн гэнэ. Энэ жижигхэн өрөө түүнд дэлхий мэт том санагдаж, өмд тайруулах, хувцас нөхүүлэх гэсэн хүмүүс хааяахан ирдэг байв. Т.Нарантуяа жижигхэн өрөөнд том мөрөөдөлтэй бизнесээ эхлүүлээд долоон жил өнгөрч буй.
Түүний “Намайг гэж зорьж ирсэн хүнд хамгийн чанартай материалаар маш сайн оёдол хийж өгөх ёстой” гэсэн бодол, инээмсэглэн угтах сайхан занд нь хөтлөгдсөн хүмүүс байнгын үйлчлүүлэгч болжээ. Хуучирч гандсан ахуй үйлчилгээний байшингийн хоёр давхарт түүний цех байдаг. Яваад ороход тааз шүргэсэн тавиур дүүрэн өрсөн торго дурдан, бөс бараа, ярайтал өлгөсөн дээл, плате, хэд, хэдэн оёдлын машин харагдана.
Тэдний цехээр хүний хөл тасрахгүй бөгөөд орж гарсан бүхэн “Сайн уу, миний дүү. Миний дээл сайхан болсон байна билээ”. “Энэ жил дахиад захиалга өгнө шүү, танайхаар юм оёулахад санаа зовох зүйлгүй амар байдаг юм” гэх мэт урмын үгс хэлж байв. Түүний нөхөр С.Гантулга олон жилийн өмнө барилга дээрээс унаж, нуруугаа гэмтээсэн.
Хүнд бэртлээс үүдэн нуруундаа 37 хадаас хадуулж, ажил хийх боломжгүй болжээ. Тэрбээр “Ажил хийх боломжгүй ч зүгээр сууж чадахгүй спорт хувцасны дэлгүүр ажиллуулж үзсэн. Хэн нэгэн нь хүүхдээ харж хандаж ёстой учир бага орлоготой гэдгээрээ би гэрээ сахиж, хань минь оёдол хийх болсон” хэмээн хуучлав. Тэднийх зургаан хүүхэдтэй өнөр бүл юм. Том нь XI анги бол дараачийн хоёр нь дөрөв, долдугаар анги. Удаах хүү нь цэцэрлэгт явдаг харин өдөржин гэртээ шулганаж, аавдаа эрхлэх ихэрүүд хоёр нас дөхөж яваа гэнэ. Бидний яриа Т.Нарантуяагийн оёдолчин болсон он цагаас эхлэв.
-Хэзээнээс оёдлын цех ажиллуулж эхэлсэн бэ?
-Долоон жилийн өмнө цэлгэр том өрөөнд ганцхан машинаар оёдол хийж эхэлсэн. Тэр үед өмдөө хасуулж, дээл оёулж байсан хүмүүс одоо болтол манайд ирдэг. Байнгын үйлчлүүлэгчтэй болно гэдэг тогтмол орлоготой, амжилттай ажиллахын эхлэл.
-Таныг удмын оёдолчин, гэр бүлээрээ цех ажиллуулдаг гэж сонссон?
-Нутгийнхан маань биднээр оёдол хийлгэх их дуртай. Ээж, дүү, охиныхоо хамт ажилладаг. Өөр хүн ажиллуулах хэрэгцээ байдаг ч хөрөнгө мөнгөний асуудал тулгарна. Цагаан сар, шинэ жил гээд баяр ёслолын үеэр яг хийж амжих захиалгаа л авдаг. Хувцас хийлгэхийг хүссэн олон захиалга ирдэг бид амжихгүй болохоор цөөнгүй хүнийг “уучлаарай” гээд буцаадаг.
Би багаасаа л хүн гуйх дургүй, хэн нэгнээс тусламж хүсдэггүй хүүхэд байсан. Одоо ч тэр зан минь хэвээрээ. Болж л өгвөл аливаа зүйлийг өөртөө байлгаж байхыг хүсдэг.
-Охин нь оёдолчин болохоор шийдсэн бололтой?
-Хэдэн хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Охин минь дүүгээ харж үлдсээр эрт биеэ даасан. Хичээлийнхээ зав зайгаар индүүдлэг, товч, шилбэ хадах, энгийн дээл оёхоос эхлээд их нэмэр болдог. Яг оёдолчин биш дизайнер мэргэжлээр сургах санаа бий. Гэхдээ хүүхэд юу хүсэж мөрөөдөж, ямар мэргэжилтэй болмоор байна, түүгээр нь л явуулна даа. Охиноо ажиглахаар яг л өөрийгөө харж байгаа юм шиг санагддаг (инээв).
-Таны мөрөөдөлд оёдлын салон, өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн гаргах гээд аль, аль нь бий биз?
-Гоё, сайхан зүйл их бодно. Бизнесээ өргөтгөх, үйл ажиллагаагаа тэлэхэд санаа нийлэх, хамтрах хүн олдохгүй л байна. Тийм болохоор гэр бүлээрээ зүтгэж байна.
-Үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ЖДҮХС-гаас зээл авах боломж бий шүү дээ?
-Сум орон нутгийн дэмжлэг, элдэв сангийн зээл олдоод байдаггүй. Хүмүүс “Энд ч арга хэмжээнд оролцлоо, тэндээс ч дэмжлэг тусламж авлаа” гэдэг. Өнгөрсөн хавар гомдол гаргаж байж “Зүүн бүс-Гоёл” наадамд оролцсон. Би загвар гаргах, оёдол хийхийг уран бүтээл гэж үздэг. Уран бүтээлч хүн ямар нэгэн үйл хэрэгт оролцож, бусадтай танилцаж байж сэтгэлгээ задарч, мэдлэг нэмэгдэнэ. Үүнээсээ туршлага сууж, шинэ зүйлс хийж эхэлдэг юм байна.
Хэлэх үг бүрээс нь зоримог, шийдэмгий байдал ажиглагдах түүнтэй ярилцсан хэн боловч амьдралын эрч хүч авч, өөрийн хүсэл мөрөөдлийн тухай бодох болов уу. Бид тэдний ажил дээр хэсэг ярилцаад гэрт нь очив. Шөнөжин цасаар шуурсан болохоор жавар ихтэй, хүйтэн гэж жигтэйхэн.
“Такси олддог байгаа даа” хэмээн бодож зогстол Т.Нарантуяа саарал өнгийн “приүс” машин асаав. Гэр бүлийнх нь хүн хөдөлмөр эрхлэх боломжгүй, оёдлын газар нь тийм ч том биш болохоор яагаад ч юм машинтай байна чинээ төсөөлөөгүй. Тэднийх Баруун-Уртын “Жавхлант” жишиг хороололд хоёр өрөө байртай аж. Дэд бүтцийг нь төлөвлөж, дулаан, цэвэр, бохир усны шугамтай холбосон хаус голдуу байдаг учир энэ орчмыг жишиг хороолол хэмээдэг гэнэ.
Тэдний гадаа ирэхэд өөрийн эрхгүй бахархал төрөв. 32 насандаа гэр бүлийнхээ ачааг нуруундаа бүтэн үүрч яваа түүний бүтээсэн бүхнийг харсан хэн ч бахархахгүй байхын аргагүй. Анх удаа л орон сууц, автомашиныг эд хөрөнгө биш бүтээсэн гавьяа гэж харж буй минь энэ. Хаалга нээхэд л “Ээжээ, ээжээ” хэмээн гурван хүүхэд нь гүйж ирэв. Ангаахай мэт шулганаж, бүлтэлзэх хүүхдүүдээ үнсээд, цүнхнээсээ чихэр гаргаж өгөх үед нь ээжийгээ санах шиг болов. Бид халуун цай уугаад яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Энэ их ажлын хажуугаар үр хүүхдэдээ цаг гаргаж, зарим өдөр гэр бүлтэйгээ өнждөг үү?
-Эхийн хайрыг мэдрүүлж, хүмүүжилд нь анхаарах гэж хичээдэг. Гэхдээ нэг ч удаа хүүхдүүдээ эрхлүүлж, бүтэн өдөржин хамт байж үзээгүй.
-Таны хүүхэд нас үйл урлах их ажил дунд завгүй өнгөрсөн үү?
-Би багаасаа л хүн гуйх дургүй, хэн нэгнээс тусламж хүсдэггүй хүүхэд байсан. Одоо ч тэр зан минь хэвээрээ. Болж л өгвөл аливаа зүйлийг өөртөө байлгаж байхыг хүсдэг. Эмээтэйгээ өссөн болохоор дээл хувцас, гэрийн бүрээс, хүүхдийн баривч гээд бүгдийг оёж сурсан. Ер нь огт сургуульд сурч байгаагүй. Мэргэжилгүй хүнд цэвэрлэгчээс өөр ажил олдохгүй. Тэр үеийн цалин маш бага байсан. Өөрийнхөө хөлс хүчээр л амьдрах ёстой. Эмээ, ээж хоёроосоо сурсан, чаддаг зүйлээрээ л мөнгө олъё гэж шийдсэн.
-Өдөржин ажиллачихаад орой хүүхдүүд дээрээ ирэх хамгийн том жаргал байхдаа?
-Тэгэлгүй яах вэ. Хашааны хаалга нээх чимээнээр л хүүхдүүд тосож гүйлдэнэ. Нэгийг нь ч үлдээчихгүй юмсан гээд бүгдийг нь үнсдэг. Үнсэхгүй, эрхлүүлэхгүй орхивол уурлана, гомдоно.
-Зургаан хүүхэд өсгөх амаргүй биз?
-Энэ цаг үед дөрвөн хүүхэдтэй бол олон хүүхэдтэй юм шиг санагддаг болчихсон. Хүүхэд цөөрсөн гэх ч юмуу даа. Нийгмийн байдал, амьжиргааны түвшнээс хамаарч байж магадгүй. Одон өгч эхэлснээс хойш олон хүүхэдтэй болох гэсэн хандлага харагдаж байна. Намайг хоёр ихрээ төрүүлэхээр эмнэлэгт очиход эмч нар их гайхаж байсан.
-Яагаад вэ?
-Эмнэлэгт үзүүлсэн чинь “Та хэдэн хүүхэдтэй билээ” гэж асуулаа. Дөрвөн хүүхэдтэй гэж хэлэхэд эмч нар “Одоо тэгээд ахиад жирэмсэн, бүр ихэр юм байна. Ах эгч нар нь байгаа юу” гэнэ. “Байгаа” гэж хариулахаар “Тэгээд дөрвүүлээ амьд уу” гэх зэрэг сонин юм их асууна (инээв). Тэгэж асуухаар нь уур хүрнэ.
-Аз жаргалыг хүмүүс маш олон янзаар тайлбарладаг. Таны хувьд аз жаргал гэж юу юм бэ?
-Зургаан хүүхдийнхээ эрхлэн инээх, хөөцөлдөж тоглохыг харж, элэг бүтэн байх л жаргал юм даа. Даанч тийм зав чөлөө ховор.
-Эсрэгээрээ зовлон гэж юу вэ?
-Хамгийн хэцүү, өр өвтгөм нь хүүхэд өвдөх. Юм бүхэн цаг хугацаатай, үхэл хагацал байдаг л зүйл. Харин хүүхдүүдийнхээ уйлах дууг, өвдөх царайг харахыг хүсдэггүй. Хаа очиж манай хэд бие сайтай шүү.
Тэдний хүүхдүүд гурав нь сургуульд, гурав нь цэцэрлэгт явдаг. Цэцэрлэг, сургууль олсон орлогоос нь багагүй чангаачихдаг гэнэ. Тэд хувь лизингээр худалдаж авсан байрны, бизнесийн зээл, цехийн түрээс зэрэг нийлээд сардаа сая гаруй төгрөг төлнө. “Энэ бүгдийг зохицуулж л байна. Хүн хөдөлж байвал учир нь олдоно. Хэн ч “Май” гээд сайхан бүхнийг өгчихдөггүй болохоор тасралтгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй” хэмээн даруухан ярьж суух энэ бүсгүйгээс олж харах, авч хэрэгжүүлэх олон сайхан чанар бий.
Гэтэл бидний дунд энэ бүхнийг бүтээчихсэн нь хэд байдаг билээ. “Төрийн бодлого буруу байна, миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна” хэмээн гомдоллож, дуртай, дургүй ажилдаа явдаг хүмүүс нэгийг бодох хэрэгтэй мэт. Элдвийг бодож, түүнтэй ярилцан суухад инээд хөөр, аз жаргал цалгисан тэдний гэрээс гармааргүй санагдаж байлаа.
“Миний дүү хаана очих билээ, эгч нь хүргээд өгье” гэв. “Зүгээрдээ” гэж хэлээд тэднийхээс гарч явахад үүдний бүдэгхэн гэрэлд цасан ширхэг будрах нь саяхан уулзсан зургаан хүүхдийн баяр баясал цас болон “бууж” байх шиг мэдрэгдсэн. Түүнийг өдрийн бүтэн биш юм аа гэхэд ганц орой ч болов хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөг гэж бодон, танихгүй газрын харанхуй гудамжаар алхаж буй минь энэ.
Г.Ган-Эрдэнэ