Хоёр жилийн өмнө 160 гаруй эцэг эхийн дунд хийсэн судалгаагаар эцэг эх бүр хүүхдийнхээ зургийг 116 удаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулжээ. Ихэвчлэн 8 нас хүрэхээс өмнөх үеийн нүцгэн, хоолоо нүүрэндээ наасан гэх мэтчилэн хайр хүргэм хөгжилтэй зургууд байна.
Гэтэл хүүхдүүдээсээ зөвшөөрөл авч зургийг нь цахим сүлжээнд байршуулдаг уу? гэсэн асуултанд дийлэнх нь буюу бараг бүх эцэг эх “үгүй” гэж хариулжээ. Тэгвэл зургийг нь зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэхэд хүүхдүүд хэрхэн хүлээж авдаг бол гэж эцэг эхчүүд та бүхэн сонирхож байсан уу?
Их Британийн судлаачид энэ талаар судалж мэдэхээр 12-16 насны хүүхдүүд дунд санал асуулга явуулжээ. Судлаачид хүүхдүүдийн хариултыг сонсоод гайхсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 70 хувь нь “эцэг эхчүүд зөвшөөрөлгүй зургийг нь цахим орчинд байршуулснаар хувийн орон зайг нь хүндлээгүй үйлдэл” гэж үзжээ.
Гэр бүлийн үлгэр жишээ болсон эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд тавьсан зураг бичлэг, хийж буй үйлдлийг нь хянах эрхтэй байдаг ч тэдний зургийг байрлуулах, хүүхдүүдийнхээ талаар ярихдаа тэднийг сонсдоггүй. Хүүхдүүдэд ч эсэргүүцэх эрх байхгүй гэж боддог.
Нэгэн ээжийн ярьснаар “би хүүхдүүдийнхээ зургийг өөрийнхөө Фэйсбүк хуудсанд байрлуулахад асуух хэрэгтэй байж магад. Гэхдээ би тэгдэггүй” гэжээ. Өөр ээж “заримдаа охин маань энэ зургийг битгий байршуулаарай гэдэг. Гэхдээ надад үүнийг хийх эрх бий, учир нь охин маань шийдвэр гаргахад жаахан байна” гэжээ.
Гэтэл эцэг эхчүүдийн энэ үйлдэл хүүхдүүдийг цахим ертөнцөд бусдаас нуугдмал байхад хүргэдэг байна. Мөн эцэг эх нь хамаагүй зураг олон нийтэд дэлгэсний дараа хүүхдүүд сургууль дээрээ очоод бусдад шоолуулдаг гэнэ. Тиймээс сургуульдаа явах дургүй болчихдог гэжээ.
Аав ээжүүд хүүхдүүдийнхээ инээдтэй зургийг олон нийтэд цацаж, түүнийгээ хөөрхөн байна гэж боддог ч хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй.
Үүнийг шийдэх арга зам нь тун хялбар. Та бүхэн хүүхдийнхээ зургийг цахим сүлжээнд байршуулахаасаа өмнө хүүхдүүдээсээ эхлээд асууж, хувийн орон зайг нь хүндэлж байгаарай. Тэгвэл хүүхдүүд тань үеийнхнийхээ өмнө эвгүй байдалд орохгүй шүү дээ.
Эх сурвалж: www.qz.com