Энэ сарын 26-28-нд угаарын хийн хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон 18 өрхийн 40 иргэн Яаралтай түргэн тусламжийн төвд иржээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад иргэд дуудлага өгөх нь эрс багассан. Эмнэлэгт хандсан иргэдийн хувд яндангийн цооролт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон” гэв.
Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн иргэн 38 настай залуу угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад тухайн иргэн гэртээ засвар хийж байгаад яндангаа цонхоор гаргаагүйн улмаас амь насаа алдсан аж. Мөн шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд обьектын гал түймрийн дуудлага ихэссэн байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны ачааллыг хэтрүүлж шаардлага хангахгүй кабелын утас хэрэглэж байгаагаас үүдэж, гал түймэрт өртөж байгааг албаныхан сэрэмжлүүлэв. Харин PM10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60, РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Д.Чанцалдулам