АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярын өдөр урьдчилан мэдэгдэлгүйгээр Афганистанд алба хааж буй цэргүүд дээрээ зочилсон байна. Уг гэнэтийн айлчлалын үеэр Талибаны зэвсэгт бүлэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа гэсэн мэдэгдэл хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
Эх сурвалжуудын дамжуулснаар Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистан улсад анх удаа хөл тавьж буй юм. Баграм нисэх хүчний баазад цэргүүдтэй уулзсанаас гадна Афганистан улсын төрийн тэргүүн Ашраф Ганитай мөн уулзалт хийжээ. Тэрээр пүрэв гарагийн 20:30 минутад Афганистанд ирж шөнө дунд болохоос өмнө буцсан байна.
Трампын хэлснээр Афганистан дахь Талибаны зэвсэгт бүлэг хэлэлцээр эхлүүлэх хүсэлтийг түрүүлж тавьсан гэлээ. Гэрээ хэлэлцээрийг дахин эхлүүлсний дүнд энэ сард Талибанд барьцаалагдаад байсан хоёр профессорыг хорих газарт байсан зэвсэгт бүлгийн гишүүдээр солилцож сулласан юм.
Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгч тус улсад алба хааж буй цэргүүдийнхээ тоог бодитоор бууруулж ирснийг дурдсан байна. Reuters зэрэг томоохон агентлагуудын мэдээлснээр Америк-Талибаны төлөөлөгчид Дохад уулзсан ч хэлэлцээр албан ёсоор дахин эхлээгүй гэжээ.
Одоогоор АНУ-ын 13,000 цэрэг Афганистанд алба хааж байгааг 8,600 болтол бууруулна гэдгийг Д.Трамп мэдэгдсэн боловч чухам ямар шатлалтайгаар хэзээ эргүүлэн татахаа нарийвчлан хэлээгүй.
Эх сурвалж: www.bbc.com