Төрийн банкийг 20 тэрбум төгрөгөөр хохироосон үйлдэлд холбогдуулан Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, БНХАУ-ын иргэн Сун Гуан Чин нарын 10 хүнийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэн явагдана. Уг хурал өчигдөр өглөө 10.00 цагаас эхэлж орой 19.30 цагт завсарлажээ.
Маш нууц, хаалттай шүүх хурлын талаар товч мэдээлэл хүргэхэд “БНХАУ-ын иргэн Сун овогт Гуан Чин гэгчийн үүсгэн байгуулсан “Шинжан Шинфа” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан мөртлөө уг зээлээ эргэн төлөөгүй байдаг. Хамгийн хачирхалтай нь уг зээлийг олгоход Төрийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь 300 орчим сая төгрөг хүрэх ганцхан орон сууцыг авсан, "Шинжан Шинфа" ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан өдөрт нь багтаан олгосон зэрэг маш олон ноцтой үйлдлүүд байгаа аж.