Азийн оршин суугчид тун удахгүй өөрсдийгөө хооллох чадамжгүй болно гэдгийг дэлхийн томоохон банк, хөрөнгө оруулалтын фирмүүд анхааруулж байна. Уг хямралыг даван туулахын тулд ирэх 10 жилийн хугацаанд 800 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэж Нидерландын үндэстэн дамнасан Рабобанк болон Сингапурын Темасек холдингс, Лондонд төвтэй PwC корпорациуд үзжээ.
Азийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр 2019 онд бид дөрвөн их наяд ам.долларыг хүнсэнд зарцуулж байгаа бол 2030 онд хоёр дахин нэмэгдэх аж.
Манай тивийн хүн ам хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаагийн дээр хэрэглэгчид илүү эрүүл, аюулгүй хүнс тэжээлийг шаардах болсон тул уг хэрэгцээг бүс нутаг бие даан хангаж чадахгүй учраас их хэмжээний гадны хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзсэн байна. Хэрэв уг хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол аж үйлдвэр хэрэгцээ шаардлагаа дийлэхээ больж, үр дүнд нь Азийн хүн амын хүнсний хэрэглээ чанаргүйтэж муудна гэж дээрх груп компаниуд тооцоолжээ.
Нөгөө талаас Азиуд чанартай хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо тарьж ургуулаад ч тивийн оршин суугчдыг бүрэн хооллож чаддагүй тул Америк, Европ, Африкаас удаан хугацааны туршид хүнсээ импортолсон байна. Энэ талаарх судалгааг 2018 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы үеэр дэлгэрэнгүй танилцуулжээ. Ази, Африк нь хүнсний бүтээгдэхүүний экспортлогч орнууд төдийгүй импортлогчид хэвээр байгааг мэдээлжээ.
“Бид бусад тив, улс орнуудын технологи болон хүнс тэжээлээс хэтэрхий хараат байна. Хэрэв үүнийг нэн даруй шийдэхгүй бол асуудал, хямрал хаяанд ирсэн” гэж PwC-ын Ази Номхон далайн стратеги, үйл ажиллагаа хариуцсан захирал Ричард Скиннер ярьжээ. Тивийн хүн ам ирэх 10 жилийн хугацаанд 250 саяар нэмэгдэнэ гэж судалгаанд дурдсан байна.
Хүн амын өсөлтөөс гадна цаг уурын өөрчлөлт бүс нутгийн хүнсний хангамжийг бууруулж байгаа юм. Тухайлбал цаг уурын хатуу ширүүн байдлаас шалтгаалж үр тариа багасч, ургамлын бүтэц өөрчлөгдөж байна. 2030 он гэхэд Азийн хүн ам бүрт оноогдох үржил шимтэй талбай таван хувиар буурах ажээ.
Шаардлагатай байгаа 800 тэрбум ам.долларыг Азийн хөдөө аж ахуй-хүнсний салбарт зориулна гэж Ричард Скиннер үзсэн байна. Уг хөрөнгө оруулалтын тэн хагас орчим нь дан Хятадад зарцуулагдах юм.
Эх сурвалж: www.cnbc.com