“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ нь “Удирдлагын академитай хамтран “Топ менежер” сургалтыг төрийн цэргийн байгууллагын албан хаагчид болон тэтгэвэр чөлөөндөө гарсан ахмадуудыг хамруулан зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь цэргийн болон хууль сахиулах байгууллагын чөлөөндөө гарсан хүмүүсийг нийгмийн бусад салбарын менежмент, инновацийн мэдээллээр хангаж төрийн болон бусад байгууллагуудад ажиллах боломжийг нээж өгөх юм. Хууль, хүчний байгууллагуудад ажилладаг хүмүүсийн хувьд бусад салбарыг бодвол харьцангуй эрт тэтгэвэр, чөлөөндөө гардаг онцлогтой бөгөөд тэдний хувьд оюуны өндөр чадамжтай, 2-3 их, дээд сургууль төгссөн хүмүүс байдаг аж. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн ажлын байраар хангах, бусад салбарууд руу хөрвөхөд туслах зорилгыг “Монгол цэргийн нэгдсэн холбоо” үндсэн чиглэлүүдийн нэгийг болгосон хэмээн тус холбооны ЕНБД дэслэгч генерал Ц.Тогоо онцолж байв. Сургалтад хамрагсдын хувьд "насаараа цэргийн хөдөлмөрөөс өөр хөдөлмөр эрхэлж үзээгүй хүмүүсийн хувьд хамгийн эртдээ 40 нас дөнгөж эргээд л тэтгэвэртээ гардаг. Цаашид бусад салбарууд руу орж ажиллахад бэрхшээлтэй тулгардаг. Иймд өнөөдрийнх шиг сургалтыг зохион байгуулж, биднийг хамруулж байгаа нь ирээдүйн зорилгоо тодорхойлоход их дэм болох нь" хэмээн сургалтад хамрагдсан хүмүүс хэлж байв.