Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр "Чингис" зочид буудалд хуралдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хурлаар МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн багийн ахлагч, Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр жинхэлнэ гэсэн мэдээлэл байна. Учир нь тэрээр одоо МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа юм.
Харин үүнийг эсэргүүцэж, Хотын дарга асан Б.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир "Хууль бус хурал хийх гэж байна. Үүнийг нь ОУОХ мэдвэл гишүүнээс түдгэлзүүлнэ" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр,
1. 2018 оны 11-р сарын 29-ний өдөр Н.Баярсайхан, Ч.Бат-Эрдэнэ нарын төлөөлөгчид Токио хотноо ОУОХ-ны Ерөнхийлөгч болон холбогдох хүмүүстэй уулзан, МҮОХ-ны хурлын бүтэц нь Олимпийн Харти зөрчиж байгаа тухай 20 орчим холбооны бичгийг өгч, санал солилцсон. 2016 оны МҮОХ-ны дүрмийн 13.1.1 буюу нэг холбооноос 3 хүн оролцдог заалтыг Олимпийн Харти зөрчиж байгаа талаар дурдсан.
2. Үүний хариуд 2018 оны 12-р сарын 8-нд ОУОХ-ноос 2016 оны МҮОХ-ны дүрмийг баталгаажуулсан тухайгаа дурдаж, бидний гаргасан саналыг хэлэлцэхийг даалгасан. Энэ бичгийн дагуу МҮОХ-ноос дүрмийн комисс гарч ажилласан нэртэй боловч ганцхан Ч.Бат-Эрдэнээс тодорхой санал гарсан, бусад нь таг чиг болж аяндаа замхарсан. ОУОХ-ны даалгаврын дагуу ажиллаж байгаа мэт эхлээд дараа нь мэхлэн энэ ажил сураггүй болсон. Үүний өмнө Д.Загдсүрэн тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсөн гэх боловч өнөөг хүртэл нэг жил юу ч болоогүй мэт явж ирлээ.
3. ОУОХ нь 2016 оны дүрмийг батлахдаа уг дүрмийн 14.3 заалтын эхний мөрийг (Чуулганаар хэлэлцэх асуудлын эхнийх) Олимпийн Хартийг зөрчиж байгааг анзааралгүй хүлээн зөвшөөрсөн нь дээрх холбоодыг санал гаргахад хүргэсэн байсныг ойлгоогүй юм. Иймд холбоодоос дахин ОУОХ руу 2019 оны 1-р сарын 11-ний өдөр албан бичиг явуулсныг хүлээн авч хариуг 1-р сарын 22-ны өдөр ирүүлсэн. Энэ бичигт тусгасан хамгийн гол зүйл нь:
- 1-р сарын 25-ны өдөр хуралдах хурлаараа 2016 онд баталсан МҮОХ-ны дүрмийн 14.3- н эхний догол мөрийг мөрдөхгүй байх, эсвэл устгахыг үүрэг болгосон байдаг.
- Мөн МҮОХ-ны гишүүд нь хувь хүн биш танай дүрмийн 5.1, Олимпийн Хартийн 28.1-д заасан гишүүн байгууллагууд заавал байх ёстой
- Гэхдээ Олимпийн Хартийн 28.3-г мөрдөх ёстойг онцолсон байдаг
4. Харамсалтай нь ОУОХ-ны энэхүү даалгаврыг биелүүлэхгүй 2019 оны 3-р сарын 28-нд Олимпийн Хартийг зөрчин нэг хуралдсан бөгөөд өнөөдөр дахин давтан хууль бус хурлаа хийж байна.
5. 3-р сарын хурал гээч хууль бус цуглаанаа батлах мэт "Confirmation Letter" буюу "Баталгаажуулах захиа" нэртэй бичгийг Э.Бадар-Ууганаас ОУОХ-нд явуулж, хувь хүн гишүүн байж болохгүй гээд байхад зориуд ийм хүмүүс чөлөөлөгдөж ийм ийм хүмүүс шинээр сонголоо гэж явуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл ОУОХ-ны янзыг үзсэн байдаг. ОУОХ-гоор олон удаа ингэж тоглож болохгүй. Өнөөдөр дахин ийм хурал нэртэй цуглаан хийж ОУОХ-гоор дахин нэг даажигнаж байна.
Имйд энэхүү хууль бус цуглааныг "МҮОХн-ы гишүүдийн хурал" биш, харин МҮОХ-ны хууь бус удирдлагууд Олимпийн хартийг дахин дахин зөрчиж байгаа асуудлаар эрх ашиг нь хохирч байгаа (Хууль бусаар хуралд цөөнх болдог) Олимпийн төрлийн спортын төрлийн холбоод Олон улсын Арбитрын шүүхэд хандвал МҮОХ-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түдгэлзүүлэх, өөрөөр хэлбэл хөөгдөх нөхцөл бүрдээд байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.