СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-28

Т.Энхсайхан: Надад айх зүйл алга, хийсэн хэрэг ч байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн, хуульч Т.Энхсайхантай ярилцлаа.

-Сайн байна уу. Та сайхан өвөлжиж байна уу?

– Сайхан өвөлжиж байна. Танай редакцийн хамт олонд болон уншигчдад, Монголын ард түмэндээ Улс тунхагласны 95 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Мөн энэ удаагийн дугаартаа урьж ярилцсанд баярласнаа илэрхийлье.

-Юуны өмнө та өөрийн тухай, мөн яагаад Хууль зүйн сайдын эсрэг тэмцэх болсноо яриач?

-Би бага насандаа тийм ч элбэг дэлбэг айлд өсөөгүй л дээ. Манайх олуулаа. Би эмээ дээрээ өссөн. Эмээ маань биднийг өсгөж том болгох гэж дэлгүүрийн хогон дээрээс алимны цаасан хайрцаг түүж авчран гал түлж хоол цай залгуулан борви борис хийлгүй л хөдөлмөрлөдөг байж билээ. Цаг наргүй зүтгэх эмээгээ хараад би маш их өрөвддөг байсан.

Энэ бүгдийг харах тусам аль болох ачлалтай охин байхыг хичээдэг байлаа. Би долоон настайдаа анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэн орж 20 настайдаа төгссөн. Манай сургууль мэргэжлийн хөгжимчин бэлддэг учраас 12 жил суралцаад төгсдөг юм л даа.

Манайх амьдралын бололцоо тааруу байсан учраас тэр үед Соросын сан, Дэлхийн зөн гэх мэт Олон улсын байгууллагаас өрхийн амжиргаа доогуур айлуудад өгдөг хичээлийн хэрэгслээ хийгээд үүрчихээр нэг даавуун тортой болсон юм. Би төгөлдөр хуурын ангид сурдаг учраас хөгжмийн нотоо хийгээд үүрээд хичээлдээ явдаг байсан. Торон дээрээ Соросын сангийн эмблемтэй учир үеийн хүүхдүүдээс их ичдэг байж билээ.

Хайртай эмээгээ зовоочихгүй харин ч баярлуулахыг хичээн хичээлдээ их шамддаг байлаа. Сургуулиа төгсөхдөө нэлээд дээгүүр цохих төгөлдөр хуурч болж төгссөн. Тэр үед Монгол Улсад эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн, нийгмийн амьдрал ташраараа уналтанд орж доройтсон үе байсан.

Яг тэр цаг үед би төгөлдөр хуурч байлаа гээд хэнд ч тус дэм болж чадахааргүй байсан учраас өөртөө хатуу шийдвэр гаргаж бүтэн жил хагас нойр хоолгүй шахам хичээлээ давтаж байгаад Япон улсын Мэйжигийн их сургуульд элсэн орж санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалавр, магистраар төгсч, үргэлжлүүлээд докторантаар сурч байна.

-Мэдээж гадаадад олон жил сурч гадны соёлтой танилцаад ирэхэд таны төсөөлж байсан Монгол Улс тэс өөр байсан байх?

-Шууд хэлэхэд, миний төсөөлж байснаас ч долоон дор байсан. Ялзарсан төр, хэрэгждэггүй хууль, авлига хээл хахуульд автсан төрийн байгууллага, хууль хүчнийхэн гээд. Япон улсад суралцаж байхад минь монголчууд бидний эхээс төрөхдөө л яс, цусанд бичээстэй байдаг унтаа байдалд байсан тэр эх оронч сэтгэлгээ, үндэсний үзэл маань сэргэсэн болов уу гэж боддог.

Хүн ер нь хүний нутагт очиж байж тэр эх оронч үзэл нь огцом сэргэдэг юм шиг санагдсан. Шөнө унтаад босохын хооронд олноороо нийлж гаднах зам талбайг засчихсан байдаг ажилчин шоргоолж шиг япончуудыг хараад атаархах сэтгэл их төрдөг байлаа. Хүний нутагт хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг монгол хүн гэдэг нэрээ өндөрт авч явахыг их хичээнэ.

Эх нутгаа, хөгшин ээжийгээ бэтгэртлээ санадаг байж билээ. Ингэн байж төгсч ирээд Монголдоо яам, тамгын газарт ч, хувийн хэвшилд ч ажиллаж үзлээ. Гэтэл ардын хүүхдүүд хичнээн хичээгээд хөдөлмөр зүтгэлээрээ дээшээ гарах үүд хаалга хаалттай, авлигачдын эрх танхи, амьдрал мэдэхгүй хүүхдүүд болохоор бүр гадаадад Элчин сайд, Консулаар томилогдож ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж элдэв хэрэг төвөгт орооцолдсон ч ял зэм хүртэхгүй хөндлөн байдгийг, ард түмэн нь амьдрах гэж зовж байхад авлигач түшмэдүүд нь Монголоо зарж идээд толгой дээрээс шүлсээ хаяад сууж байдгийг олж харлаа. Энэ улсад шударга ёс гэж хаана байна. Шударга хууль гэж хаана байна. Энэ бүхэнд Монгол Улсын хууль зүйн салбарыг 22 жилийн турш толгойлж ажилласан Цэндийн Нямдорж гэж хүн хамгийн их буруутай.

Харин би Хууль зүйн сайдын эсрэг тэмцсэнийхээ төлөө амьдралдаа анх удаа ингэж олон газарт дуудагдан байцаагдаж, бизнесээ хүртэл булаалгаж, хэрэг хийгээгүй мөртлөө үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдахад хүрчихээд байж байна.

-Таныг бүр яллагдагчаар татчихсан юм уу?

-Эрүүгийн цагдаагийн газраас намайг яллагдагчаар татахаар Нийслэлийн прокурорын газарт санал хүргүүлчихээд байгаа. Энэ ажлыг Ц.Нямдоржийн зараалаар гардан гүйцэтгэж байгаа этгээд бол ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, нөгөө дуулиант “Салхит”-ын мөнгөний ордын хэрэг дээр Хятад улсын иргэн Янь гэгчийн хууль шүүхийнхэнд өгдөг байсан хэдэн тэрбум төгрөгийг нь өвөртөлж, дамжуулж гүйдэг байсан нөгөө Цагдаагийн хурандаа чинь шүү дээ. “Хонгил”-ынхон ийм л байна.

Зүгээр байхад зүгээр л байгаарай гэдэг шиг хэзээ нэгэн цагт .

Намайг яллагдагчаар татах ажлыг шийдвэрлэх хуулийн хугацаа ирэх баасан гаригт дуусна. Гол нь эрүүгийн хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй, хэрэг хийгээгүй хүнийг яаж яллагдагчаар татдагийг л харъя. Тэгээд барьж аваачаад Хорих 461 рүүгээ хийх биз ээ. Энэ бол Ц.Нямдорж гэж хүний ганц гаршсан арга нь.

Тиймдээ ч Монголын ард түмэн Ц.Нямдорж гэж хүнийг танихгүй мөртлөө муу үг хэлэхээс ч айдаг байсан нь ийм учиртай. Муулахгүй болохоор өөрийгөө мундаг байна гэж андуурсан Ц.Нямдорж хамаг булхай луйвар нь илчлэгдэж үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт намайг шорондоо хийх гэж байгаад бүдрэх вий дээ.

Бидний тэмцэл аль хэдийн Монголын ард түмний дэмжлэгийг авсан. Ард иргэд маань харсаар байж намайг Ж.Баатар генералын араас шоронд явуулчихгүй байлгүй дээ. Одоо бол дуугай суух цаг нь биш. Авлигач, урвагчдаас төрөө цэвэрлэж авахын тулд жинхэнэ босч тэмцэх цаг нь болсон. Би айхгүй байна.

-Танаас ийм айхтар зориг хаанаас гараад байна. Хэн нэгэн хүн таныг хурцлаад байна уу?

-Би хэлээд байгаа шүү дээ. Би Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр шиг хулгайч бишээ… Тийм учраас би эд нараас айхгүй байгаа юм. Мөн . Нэг үгээр хэлэхэд Монголын төрд нүүрэлсэн авилгын том сүлжээ нуран унах болно.

Миний хувьд гэх юм бол хүн нэг л амьдарна. Энэ амьдралын хугацаандаа эцэг эх, үр хүүхэд, хань ижил, ах дүү хамаатан садан, нөхдийнхөө өмнө асар өндөр хариуцлага хүлээж байдаг. Ажилчин шоргоолж шиг амьдралын төлөө зүтгээд л байдаг зүтгээд л байдаг… Тэгээд юу ч олж долоодоггүй, татвар төлж шимтгэл хураалгаж дээрэмдүүлнэ.

Бараг Монгол Улсын газар нутаг дээр амьдарч байгаагийн татвар юм уу хаашаа юм. Жаахан хөлжөөд ирэхээрээ хамаг бизнесээ төрд бугласан дээрэмчдэд булаалгачихна. Эх нутагтаа ийм амьтаст бөөрөлхүүлж амьдарч байна шүү дээ, монголчууд бид. Ганц олдох амьдралдаа ийм шударга бус нийгэмд амьдармааргүй байна. Наанадаж бөөн бухимдал, амар тайван байж чадахгүй. Шударга бус байгаа учраас л хүн бухимддаг биз дээ ер нь. Ганц би биш бүх хүн адилхан шүү дээ.

Тиймээс би тэмцээд байгаа юм. Үнэний төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө, хуулийн салбарынхаа шинэчлэлийн төлөө, цаашилбал өөрийнхөө төлөө, бусдынхаа төлөө тэмцээд байгаа юм. Хүн нэг л амьдарна. Тэртэй тэргүй үхэж дуусдаг хорвоод үхлээс айгаад яах юм. Би шийдсэн хүн.

-Жаахан гомдолтой байгаа юм уу даа та, тэгж сонсогдлоо?

-Би хүн. Энэ хугацаанд заримдаа сөхөрч унахаар олон бэрхшээлийг тууллаа.

Заримдаа ганцаараа уйлах ч үе байсан. Аргаа барахаараа хүн бүхэнд гомдож үзнэ. Үзэлцээд байгаарай, тэмцээд байгаарай гэхээс өөр намайг өмөөрөөд гарч ирээд томхон шиг дуугарчих хүн нэг хэсэг байгаагүйд гомдож байсан үе бий. Харин одоо бол өөр.

Энэ бүх хүнд хэцүү үеийг давж туулах тусам улам сэтгэл шулуудсан. Хэн нэгэнд гомдохоо ч байсан. Одоо бол тэр цаг үеийг бодоход хуульчид маань тодорхой хэмжээгээр намайг өмгөөлж хамгаалж эхэлсэн, мөн нийгэм маань миний тэмцлийг ойлгож эхэлсэн, ард түмэн маань дэмжиж байгаад би маш их баярлаж талархаж байгаа.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж та хоёрын хооронд ямар нэг хувийн өс хонзон байдаг уу. Та яагаад ингэтлээ ийм ширүүн тэмцлийг өрнүүлэх болов. Одоо бүр хурцдаад нэг нь нөгөөгөө яллагдагчаар татуулж шоронд аваачиж хийх хүртэл байдал хурцдаж байгаа юм биш үү?

-Хүн гэдэг амьтан энэ хорвоод ирэхдээ чухам юуг хийж, бүтээх гэж ирдэг юм бол гэдэг асуултыг би өөртөө байнга тавьдаг. Мөн үхэл хаяанд ирэхийг цагт би юу бодож хэвтэх бол гэж ч өөрөөсөө асуудаг.

Шударга нийгэмд шударга амьдарч байгаад үхэх юм сан. Тэгвэл энэ л жаргал юм байна ч гэж бодогддог. Энэ бол ганц миний бодол биш хүмүүн заяанд төрсөн хүн бүрийн л хүслэн байх даа. Тиймдээ ч хүн төрөлхтөн шударга ёс гээч юмыг тунхаглаж, түүний төлөө зүрх зоригтой нь амь насаа золин зүтгэж тэмцэж ирсэн байдаг.

Шударга ёс гэдэг зүйлээс хууль урган гарсан. Иргэдэд адил тэгш эрхийг олгохын тулд, нийгмийн баялгийг шударга тэгш хуваарилахын тулд, нэг үгээр хэлэх юм бол шударга ёс гээчийг хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн салбар үүсч бий болсон юм. Тэрнээс биш хууль гэдэг хэн нэгэн зальхай этгээд биднийг боолчлон шулж мөлжихийн тулд, өөрийг нь шүүмжилсэн иргэнийг залхаан цээрлүүлэхийн тулд, хуулийн хамгаалалт дор хулгай хийж, мөлжлөг явуулахын тулд зориулагдаагүй юм.

Хууль, эрх зүйн орчин шударга ёсны төлөө үйлчилдэг, хууль нь сайн байж байж, ард түмэн баялгийг тэгш хүртэж, тэгш гараанаас амьдралаа эхэлж, амар жимэр сайн сайхан амьдрах ёстой байдаг. Гэтэл Монгол Улсад ийм биш байгаад 30 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд Хууль зүйн сайд гэдэг чухал, хүндтэй үүргийг ихэнхдээ нэг л хүн хашсан байдаг.

Тэр нь Х. Монголын ард түмний хүү С.Зориг агсны амиа алдсан аймшигт хэргийг илрүүлэх нь битгий хэл, 21 жилийн дараа замхруулж хаясан.

Одоо энэ хэрэг хэзээ ч илрэхгүй нь туйлын харамсалтай. Энэ мэт түүний хийсэн лай ланчиг багадаагүй юм. Ингэж ядуу ард түмнийг минь даажигнан тохуурхаж дээгүүр эрх мэдэлд хүрч баялгийг минь тонон дээрэмдэж буй Хууль зүйн сайдыг бид үтэр түргэн авч хаяхгүй бол ингэтлээ туйлдсан Монгол Улс маань тусгаар тогтнолоо ч алдах аюул нүүрлэж болзошгүй. Ийм байдалд ороод байна. Хууль зүйн сайд нь “Рио Тинто”-г өмгөөлөн улаан цээжээрээ ард түмнээсээ хамгаалж байна шүү дээ.

Энэ нь “Рио Тинто” гэдэг компани бол Монгол Улсын хуулийн байгууллагуудын бүрэн хамгаалалтанд байна гэсэн үг юм. Нэгэнтээ Монголын ард түмэнд ашиггүй юм бол ухуулаад яах юм гэдэг байр суурь дээр аль эрт нэгтгэчихээд байгаа энэ “Оюутолгой” төслийг УИХ-ын гишүүд харин ч зогсоолгүйгээр ашиггүй хийгдсэн гэрээгээ л өөрчилье гэж байна шүү дээ.

Гэтэл өнөөх Ц.Нямдорж нь гарч ирээд санаатайгаар худал ярьж мушгин гуйвуулж эхэлсэн. Энэ бол түүний мэргэшсэн арга нь бөгөөд энэ хүний үйлдэл бол дандаа Монголын ард түмний эсрэг байсаар ирсэн, одоо ч тийм байгаа юм. Монголчуудад нэг нийтлэг шинж төрх байдаг, хүний ярьсан зүйлд итгэчихдэг.

Гэтэл нөгөө нөхөр итгэл эвдэн ар хударгаар пинг нь ухаад хулгай хийгээд байгааг мэддэггүй, гоё сайхан аманд нь итгэсээр найдсаар л байдаг. Энэ бол нүүдэлчин соёлтой ард түмэн бидний цусанд байдаг уг нь их сайхан чанар л даа. Гэтэл чонотой нийлсэн нохдууд үүнийг нь ашиглан бидний төрийг үүрд эзэгнэн хагартлаа баяжиж биднийг хуулиар нь ороон боолчлохыг хүсч байна шүү дээ. Тэдгээр нөхдийн хувьд “Эх орон” гэсэн эрхэм нандин үнэт зүйлс гэж байдаггүй юм.

-Өнгөрсөн хугацаанд “Саарал жагсаалт”, жуулчны визээр орж ирсэн 800 хятад иргэн гэх мэт асуудал зөндөө яригдсан ч Хууль зүйн сайд огцрохгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Энэ хүн олон жилийн турш эзэмшсэн заль мэхээрээ өдий олон жил сайдын сэнтийд заларлаа. Монголын ард түмний төлөө хийсэн сайн зүйл үзээд өгье гэсэн ч нэг ч алга. Эцэстээ биднийг “Саарал” жагсаалтад оруулчихаад надад баярын бичиг ирсэн гэж хэлээд даапаалаад сууж байна. Үе үеийн Ерөнхий сайд нарыг барьцаалах замаар эрх ашгаа хэрэгжүүлдэг ийм л уран нарийн аргад чадамгай суралцсан байна гэж харагддаг. Одоо ч мөн адил энэ залиараа л явж байгаа.

Ганц Ц.Нямдорж биш эдгээр нөхдүүд Монголын ард түмнийг доромжилж байна. Саяхан л гэхэд Солонгосын онгоцны үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Монгол Улсыг БНСУ-д шившиг болгож байгаад ирсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр л гэхэд суудлаа өгөхгүй гэж зүтгээд, одоо Цэцийн гишүүнээр байгаа биз дээ.

Аргагүй шүүдээ, Ц.Нямдорж нь Монголын ард түмний эсрэг ийм их нүгэл үйлдчихээд байгаа мөртлөө огцрохгүй байхад Д.Одбаяр юу гэж огцрохыг хүсэх вэ. Өөрийгөө Ц.Нямдоржтой харьцуулахад тиймхэн хэрэг үйлдчихээд би яахаараа огцрох ёстой юм гэж л бодож байгаа шүү дээ. Тэгээд Нямдорж нь Д.Одбаярыгаа өмөөрч байгаа биз дээ. Ийм л байна шүү дээ. Юун Шударга ёсны жинлүүр хуулийн салбар вэ. Сайд нь ийм байхад.

Гэхдээ одоо ч нохойн дуу ойртлоо гэдэг шиг улс төрийн сонгууль хаяанд ирлээ. Магадгүй Ц.Нямдорж битгий хэл, Үндсэн хуулийн цэц дэх өгзөг баздаг нөхөр ч ичихгүйгээр УИХ-д нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс 2020 оны сонгууль бол Монголын ард түмний хувьд түүхэн сонгууль болох ёстой.

Монгол төрийн дээр олон жилийн турш зайдалж дур хүслээ, шунал тачаалаа хангаж, хагартлаа баяжсан, ард түмнээ шулж ядуу амьдруулсан зальтай хөгшин олигархиудаас нам харгалзахгүйгээр салах цаг нь болсон. Огцрохгүй байгаа луйварчдыг ард түмэн сонгуулиар дүнг нь тавиад хөөгөөд явуулах хэрэгтэй. Энэ бол маш чухал сонголт! Шинэчлэл хийе гэвэл одоохондоо үүнээс өөр зам байхгүй.

-Ингэхэд та яллагдагчаар татагдчихвал яах вэ. Ямар алхам хийе гэж бодож байна?

-Намайг яллагдагчаар татах эцсийн шийдвэрийг прокурорын байгууллага гаргана. Би яагаад Прокурорын байгууллагын талаар дурсахгүй байгаа вэ гэвэл, прокурорын байгууллага хэр үнэн зөв шийдвэр гаргахыг харъя гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу зөв шударга шийдвэр гаргаж өгөх байх гэж найдаж ч байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан ёсны захидал хүргүүлсэн. Шударга ёсны төлөө тэмцсэн Ж.Баатар генералыг ялласан шиг үнэний төлөө тэмцсэн жирийн нэгэн хуульч эмэгтэй намайг яллаад шоронд явуулчихгүй байх гэдэгт итгэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийг би ард түмний дундаас төрөн гарсан, амьдрал мэддэг, шударга зарчимтай хүн гэж боддог.

Харин Ж.Баатар генералыг яллах үед цаг өөр байсан. Ерөнхийлөгчөөр Н.Багабанди гуай ажиллаж байсан. Одоо цаг өөр болсон, прокурорын байгууллага ард түмэнд тэгш үйлчилдэг болсон гэдэгт жаахан ч гэсэн итгэж байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

2019.11.28 ПҮРЭВ №236 (6203)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.