-Монгол төрийн тэргүүн дээд Чингисийн одонг “Хү” хамтлагийн продюссер, МУГЖ, дуучин Б.Дашдондог гардан авлаа. Тэрээр юун энэ амжилтанд хөтөлсөн найз нөхөд, хамтран зүтгэгч, хамтлагийн залуустаа бүгдэд нь баяр хүргэе гэсэн юм. Шагналаа авах мөчид “Хү” хамтлаг АНУ-д тоглолтод оролцоод яг тайз руу гарч байгаагаа дуулгажээ.-
“Хү” хамтлаг гарч ирснээр дэлхий Монголыг өөрөөр хардаг болсон байх?
-Маш өөрөөр хардаг болсон. Гадны оронд байдаг монголчуудыг өмнө нь шоовдор үздэг байсан. Одоо бол монгол хүн гэхээр “Хү” хамтлагийг мэдэх үү гэж асуудаг болсон байна. Гингис хаан гэж хэлдэг байсан бол одоо Чингис хаан гэж хэлдэг болсон байна. Монгол гэдэг улс байсныг мэддэггүй хүмүүс мэддэг болж байна. Манай түүх, өв соёлыг мэддэггүй байсан бол мэдэж эхэлж байна. Монголоо цааш таниулах, түүх соёлоо түгээхэд “Хү” хамтлаг маш их үүрэг хүлээж байна.
Мөн дэлхийн одууд гэхээр л хүнтэй дуугардаггүй, хямсгар гэж ойлгодог. Гэтэл “Хү” хамтлагийг маш энгийн, эгэл, найрсаг байгааг гайхаж, өндөр үнэлж байна. Энэ нь монгол хүний төрөлх зан төрх, уужуу сэтгэл бүхнийг харуулж байгаа хэрэг л дээ.
Дэлхийн рок хөгжмийн маш том эксперт “Дэлхийн рок хөгжлийнхөө оргилд ирээд унтрах тийшээ хандаж байхад “Хү” хамтлаг аварлаа” гэж хэлсэн. Тэгэхээр “Хү" хамтлаг дэлхийн рокийг аварч цооо шинэ уур амьсгалыг оруулж өгсөн хамтлаг гэж хэлж болно.
Одоо хамтлагийн залуус маань АНУ-д хийх 60 тоглолтынхоо 40 гаруйг нь хийчихсэн. 12-р сарын дундуур монголдоо ирж сар хэртээ амраад буцаад 2020 оны аялалдаа гарна. 2020 оны аялан тоглолт Европын орноор эхэлнэ. Аялан тоглолтын билетийнх нь тал хувь нь зарагдаад дуусчихсан байна. АНУ-д тоглож байгаа тоглолтуудын 90 хувь нь зарагдаад дуусчихсан байна.