Жил бүрийн "Монгол бахархал"-ын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч "The Hu" хамтлагт "Чингис хаан" одонг гардуулж байна.
Хүннү рок хэмээх шинэ урсгалыг Монголд төдийгүй олон улсад таниулсан “Хү” хамтлагийг МУГЖ, дуучинБ.Дашдондог анх гаргаж ирсэн бөгөөд анх 2012 оноос хамтлаг байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Улмаар 2016 онд хамтлагаа албан ёсоор байгуулан, өнгөрсөн оноос уран бүтээлүүдээ хүргэж эхэлсэн. Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн үндсэн дөрвөн гишүүн болон бусад 11 хүний бүрэлдэхүүнтэй юм.
"Хү" хамтлагийн анхны клипүүд болох “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” зэрэг дуунуудыг “YouTubе” цахим хуудсаар 45 сая гаруй удаа үзэж, “Gereg” нэртэй анхны цомог “Billboard”-ийн Шилдэг шинэ уран бүтээлчийн жагсаалтын нэгдүгээрт, “Indie Label” жагсаалтын хоёрдугаарт жагссан амжилтыг үзүүлжээ. Мөн уг цомог Их Британийн Рок, метал цомгуудын жагсаалтын хоёрдугаарт, хамгийн их татагдсан цомгуудын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Мөн Австралид дижитал борлуулалтаараа амжилт тогтоожээ.
Тус хамтлагийнхан 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж байгаа ажээ.
"The Hu" хамтлагийн энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг Ерөнхийлөгчийн тамгын газраас онцолсон билээ.