Англи хэл дээр гардаг шилдэг зохиол шалгаруулах “Man Booker” шагналын эзэн тодорсон байна. Энэ жилийн шилдэг зохиолын шагналыг Умард Ирландад төрсөн зохиолч Анна Бөрнс “Milkman” үргэлжилсэн үгийн зохиолоороо хүртжээ.
Анх удаа “Man Booker”-ыг Умард Ирландаас төрөн гарсан зохиолч хүртэж байгаа юм. Шагналыг 50 мянган фунт стерлинг буюу 66 мянган ам.доллар дагалддаг. Мөн шилдэг зохиолын шагнал авсантай холбогдуулан зохиолын борлуулалт хэдэн зуу дахин өсдөг уламжлалтай.
Өнгөрсөн тавдугаар сард уншигчдад хүрсэн “Milkman” ном 1970-аад оны үеийн Умард Ирландын жижиг хотын үйл явдлыг харуулдаг. Уг зохиол ижил төрлийн бусад зохиолуудаас огт нэр гардаггүйгээрээ ялгаатай. Түүнчлэн зохиолын үйл явдал тухайн нийгмийн ил гэхээс далд, нуугдмал ертөнцийг илүү харуулснаараа онцлог, сэтгэл хөдөлгөм болжээ.
Зохиолын гол баатар “дунд эгч” нэртэй 18 настай охин юм. Охин “milkman” буюу “сүүний худалдаачин” гэх хагас цэргийн даргын үйлдэх бэлгийн хүчирхийллийн хохирогч ажээ.
Шүүмжлэгч Клэйр Килрой “Guardian” сонинд “Бөрнсийн зохиол удам угсаа, уламжлалт соёл, шашин шүтлэг, эцгийн эрхт ёс, үл итгэлцэл мөнхийн айдастай амьдрахын хүнд хэцүү талуудыг хүчирхийллийг дүрслэхээс илүү харуулж чадсан” гэжээ.
Энэ жилийн “Man Booker”-ын шагналын эзнийг тодруулсан шүүгчдийн багийн ахлагч Энтони Аппиа “Бидний хэн нь ч урьд өмнө ийм зүйл уншиж байгаагүй. Анна Бөрнсийн зохиол нийтлэг үзлээс бүрэн ангид дуу хоолой болж чадсан, уншигчдын татан оруулсан үргэлжилсэн үгийн бүтээл юм” хэмээн үнэлжээ.
Эх сурвалж: www.qz.com