Манай улсад 800 орчим хятад иргэн орж хууль бусаар ажиллаж байгаад баригдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Хуан гэдэг хятад хүнтэй уулзаж эдгээр хүмүүсийг оруулж ирсэн гэж хэлсэн билээ. Тэгвэл энэ талаар Шадар сайдаас өөрөөс нь тодруулсан юм.
-Илт хэн ч үнэмшилгүй асуудал ярьж байхад тэр худлаа, үнэн гэж би гүйхгүй. 800 хятад визтэй оруулж ирсэн гэж байгаа. 800 хүн орж ирэхэд виз авахын тулд заавал аль нэг байгууллага юм уу, хувь хүний урилгаар орж ирнэ. Тэгэхээр бүх зүйл тодорхой. Ямар аж ахуйн нэгж урилга өгсөн бэ гэдэг тодорхой байгаа. 800 хятад орж ирсэн асуудлыг Цагдаа, тагнуул гээд хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Шалгаж дуусаад удахгүй дүнгээ хэлэх байх.
Ер нь монголын 51 аж ахуйн нэгж ийм ийм хүмүүсийг Монгол Улсад урьж байна гээд оруулаад ирсэн юм билээ. Энэ талаарх мэдээллийг удахгүй танилцуулах байх.
Би Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга. Тиймээс Хятадын талаас надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Гэхдээ би ямар хариу өгөх вэ гэдэг чухал. Ихэвчлэн судлах шаардлагатай асуудал тавьдаг. Дэмжиж болмоор асуудлаа дэмжинэ гэдэг, Засгийн газарт уламжлах ёстой ч зүйлүүд байдаг.
Надтай IT чиглэлээр манай улсад хөрөнгө оруулалт хийе гэж хятадын компанийнхан уулзсан. “Энэ миний мэдэхгүй асуудал байна. Та нар яг юу хийх гээд байгаа, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгээ цаасан дээр бичээд гаргаад ир” гэсэн. Тэр яриа болсноос долоо хоногийн дараа хятадуудыг барина гээд пижигнээд унасан. Гэтэл 800 хятад наймдугаар сараас хойш орж ирсэн хүмүүс байсан. “Интернет худалдаа, худалдаанд зуучлах, таавар гэсэн чиглэлээр ажилладаг. Хятадад биш гадаад орнуудад үйл ажиллагаа явуулдаг юм” гэж надтай хүмүүс уулзсан.