Румын улсын эргийн ойролцоо 14,000 гаруй хонь ачиж байсан ачаа тээврийн усан онгоц хөмөрч осолдсон байна.
Күйн Хинд ачааны усан онгоц Мидиа боомтоос хөдөлснийхөө дараа Хар тэнгисийн эргийн Константа хотын орчимд хөмөрсөн байна. Усан онгоцны багийн 22 гишүүнийг эсэн мэнд аварчээ.
Аврах ажиллагаанд цагдаа нар, гал сөнөөгчид болон эргийн хамгаалалтын албаныхан гар нийлсэн байна. 30 гаруй хонийг далайн усанд сэлж байхад нь аварсан боловч түүнээс ч олон хонь живж үхсэн гэж мэдэгджээ.
Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө хонинуудыг аврах ажил түр завсарлаж, өнөөдөр өглөөнөөс үргэлжилсэн байна. Энэ хооронд Сириэс ирсэн усан онгоцны багийн гишүүдийн нэг биеийн дулаанаа алдаж эмнэлэгт хүргэгджээ.
Ачааны усан онгоц хөмөрч осолдсон шалтгаан тодорхойгүй ба усан онгоцон дээр байгаа амьд амьтдыг зөөж дууссаны дараа ослын шалтгааныг тодруулах ажил эхлэх юм байна.
Күйн Хинд нь 1980 онд баригдсан, 85 метр урт ажээ.
Эх сурвалж: www.bbc.com