АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Тэнгисийн цэргийн удирдагч Ричард Спенсерийг албан үүргээс нь халж чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Батлан Хамгаалахын сайд түүнд үзүүлэх итгэл үнэмшил үгүй болсон тул цаашид гар нийлэн хамтран ажиллахаас татгалзжээ.
Пентагон болон Цагаан ордны эрх баригчдын дунд тэнгисийн тусгай хүчний гишүүн Эдвард Галлахерын хэрэгт харилцан адилгүй байр суур илэрхийлснээс зөрчилдөөд байгаа юм. Эдвард Галлахер нь Исламын улс бүлгийн эсрэг тусгай ажиллагааны үеэр зэвсэггүй 17 настай хүүхдийг хутгалж хороосон болон 2017 онд Иракт алба хааж байхдаа энгийн ард иргэд рүү гал нээсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдсан.
Ерөнхийлөгч Дональд Трамп Галлахерын хэргүүдийг цагаатгаж, түүний албан тушаалыг буцааж олгосон боловч Батлан Хамгаалах яамнаас Галлахерыг амиа алдсан Исламын улс бүлгийн гишүүний цогцосны дэргэд зургаа авахуулсан хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.
Тэнгисийн цэргийн удирдагч Ричард Спенсер уг хэргийг шийдэхэд тусламж хүсч хувийн захидлаа Цагаан ордон руу нууцаар илгээсэн нь баригдаж Батлан Хамгаалахын сайд түүнийг огцруулах тушаалыг баталсан байна.
Эдвард Галлахер нь дайны үеийн гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн тусгай ажиллагааны багийн гурван гишүүний нэг ажээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com