Хонконгийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан шатны дүн гарсан байна. Санал хураалтаар хотын иргэд ардчиллыг дэмжигч, сөрөг хүчний нэр дэвшигчдийг сонгосноор хууль тогтоох зөвлөлийн 278 суудлыг эзэлжээ. Харин Бээжинг дэмжигч 42 нэр дэвшигч иргэдийн санал, дэмжлэг авсан байна.
Хэрэв жагсагчид эмх замбараагүй байдал, үймээн самуун гаргасаар байвал орон нутгийн сонгуулийг цуцлах эрсдэлтэй байсан ч санал хураалт тайван болж өнгөрчээ. Эх сурвалжууд энэ удаагийн сонгуулийг олон сар үргэлжилсэн бослого, мөргөлдөөний дараа Засгийн газрыг шалгах чухал шалгуур боллоо хэмээн мэдээлж байна.
Бээжин дэх эрх баригчид сонгуулиар нийтийн дэмжлэгийг авч чадна гэсэн итгэлтэй байсан ч эсрэгээрээ Бээжинг дэмжигч нэр дэвшигчид зөвлөлд суудлаа алдлаа. Хэдийгээр дүүргийн зөвлөлийн гишүүд улс төрийн эрх мэдэл багатай, автобусны чиглэл, хогний асуудал зэрэг дотоодын үйл ажиллагааг шийдвэрлэх ч анх удаа Хонконгийн иргэд өөрсдийн үзэл бодлоо сонголтоороо илэрхийлж чадаж буйгаар онцлог ажээ.
Зунаас хойш бослого тэмцэл гаралгүй анхны амралтын өдрүүд өнгөрлөө. Хонконгийн нийт 7,3 сая хүн амын талаас илүү нь буюу 4,1 сая нь санал өгөхөөр бүртгүүлжээ. 2015 онд 47 хувь байсантай харьцуулахад санал өгсөн иргэдийн ирц 71 хувь болж нэмэгдсэн байна.
Сонгуулийн дүн жагсагчдын хувьд баяр, эх газрын Засгийн газрыг дэмжигчдийн хувьд цочрол болов. Ардчиллыг дэмжигч Жошуа Вонг улс төрийн шинж чанартай сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон ч түүний ялалтыг бусад нэр дэвшигчид авчирсан тул сэтгэл хангалуун байна гэжээ. Дүүргийн зөвлөлийн 452 суудлын төлөө 1,000 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн байна. Энэ удаагийн сонгуулиас өмнө тус зөвлөлд Бээжинг дэмжигч эрх баригчид олонхийн суудалтай байжээ.
Хонконгийн сонгуулийн тогтолцоогоор дээрх 452 гишүүний 117 нь удирдагч буюу Хонконгийн даргыг сонгох 1,200 гишүүнтэй хороонд багтдаг. Энэ нь хотын дараагийн удирдагчийг буюу Кэрри Ламын халааг залгах хүнийг сонгоход ардчиллыг дэмжигч гишүүдийн санал урьд өмнөхөөс илүү хувь эзлэх боломжтой гэсэн үг юм.
Эх сурвалж: www.bbc.com