Манай орны 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон байна. Өнгөрсөн оны эцэст 66.5 сая толгой мал тоолуулж, 22.4 сая төл бойжуулсан. Одоо байгаа малаа хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж байгаа бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрчээ.
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна.
Төвлөрсөн хот суурин газар, мал ихтэй аймгуудад бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн мэдээтэй бөгөөд бэлчээрийн усан хангамж муудаж, малын тоо толгой 1990 оноос 2018 онд 2.6 дахин өссөн байхад инженерийн хийцтэй худгийн тоо 1.7 дахин буурчээ.
Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн бэлчээрт шинээр 1698 цэгт уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага гарсан байна. Зөвхөн 2019 онд л гэхэд 280 ширхэг инженерийн хийцтэй худгийг шинээр барих захиалга иржээ. Бэлчээрийн талхагдал, доройтлыг бууруулж, цөлжилттэй тэмцэхийн тулд бэлчээрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тиймээс ч ХХААХҮЯ-нд байгуулагдсан ажлын хэсэг Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулахаар ажиллаж байгаа юм байна.
Улмаар бэлчээр ашиглалтын төлбөр төлөх зохицуулалтыг бий болгож, бэлчээрийн төлөв, алслагдсан байдал, малын төрлөөр, аймаг сумаар бэлчээр ашигласны төлбөрийг ялгавартай тогтоон авах, уг төлбөрөөс бүрдсэн хөрөнгийг тухайн аймаг, сумын бэлчээр ашиглалт, хамгаалалт, малын чанарыг сайжруулахад захиран зарцуулах боломжийг аймаг, сумын ИТХ-д олгох шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.