Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс болж Монголын хойд нутгаар мөсөн цэвдэг хайлж эхэлснээс цаатнууд болон цаа бугануудад аюул нүүрлэж байгааг олон улсын эрдэмтэн шинжээчид анхааруулж байна.
Хөвсгөлд нутагладаг цаатнууд мөсөн цэвдгийн ачаар зуны улиралд цаа бугаа сэрүүцүүлж, ундны ус залгуулдаг боловч мөнхөд байдаг мөсөн цэвдэг хайлж байгааг анх удаа харж байна хэмээн ярьжээ. Судлаачдын үзэж байгаагаар цаа буга зуны цагт сэрүүцэж, ундны цэвэр устай залгаагүйгээс өвдөх, цаашлаад үхэж байна.
Колорадогийн их сургуулийн эрдэмтэн, судалгааг ахалсан Уильям Тэйлор Хөвсгөлийн цаатнуудыг цаг уурын өөрчлөлтөд бодитоор хохирол амсаж байгааг онцолжээ. Тэрээр “цаатан гэр бүлүүд цаг уурын өөрчлөлтийг хамгийн түрүүнд бодитоор амсаж, төлөөс төлж буй хүмүүс юм” гэсэн байна.
Хөвсгөлд зуны улиралд агаарын температур 2001 оныхтой харьцуулахад дунджаар цельсийн 1,1 хэмээр дулаарсан байна. Зөвхөн Хөвсгөлөөс гадна Монгол улс даяар агаарын дундаж температур нэмэгдсэн болохыг цаг уур судлаачид ажигласан юм.
Олон улсын судлаачдын баг 2018 онд Хөвсгөлийн Улаан тайгад биечлэн очиж тэнд амьдардаг айлуудтай уулзаж судалгаа хийсэн байна. Ингэхэд мөсөн цэвдэг 2016, 2018 онуудад хайлахыг анх удаа харсан бөгөөд энэ нь бэлчээрийн чанарыг муутгаж улмаар цаа буга өвдөж, үхэх болжээ.
Судалгааг хийлцсэн Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Жокелин Витвөрт мөсөн цэвдэг хайлснаар олон талаар ан амьтдын эрүүл мэнд, амь насанд халтай байгааг хэлсэн юм. Тэр тусмаа цаа буга халуунд эрүүл байх чадвар нь суларч, өвчин тахалд хялбар өртөмтгий болох ба тэднийг дагаж нүүдэллэн амьдардаг хүмүүст ч сөргөөр нөлөөлж байна.
Түүнчлэн мөсөн цэвдэг хайлж эхэлснээр олон арван жилийн турш мөнхийн мөс цасан дунд хадгалагдаж ирсэн археологийн олдворууд гарч ирэх болжээ. Нутгийн хүмүүс хөлдүү гол, нуураас загас барихдаа ашиглаж байсан хэд хэдэн модон багаж хэрэгслүүдийг судалгааны багийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгаас олсон байна.
Дашрамд дурдахад дэлхийн удирдагчид цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шаардлагатай гэдгийг мэдэх боловч дорвитой алхам хэрэгжүүлэлгүй цаг хугацаа алдсанаар 2300 он гэхэд дэлхий даяар далайн усны түвшин 1,2 хувиар нэмэгдэх аж. Шанхай, Лондон хотууд усанд автах хамгийн өндөр эрсдэлтэй ба Флорида, Бангладеш, Малдивын арлууд зэрэг нам дор газруудад усны түвшин ихээр нэмэгдэх юм байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk