Авлигатай тэмцэх газраас төрийн дээд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг \ХОМ\-ийг 2007 оноос авч эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 1406 төрийн байгууллагын албан хаагчдын долоон төрлийн ХОМ-ийг сүүлийн таван жилийн байдлаар бид бүхэн xacxom.iaac.mn сайтаас харах боломжийг АТГ олгоод байгаа.
Албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогоос гадна зарлагыг хянах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө,орлогыг хянаж буй туршлага, Монгол Улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
АТГ-аас төрийн албан хаагчдын ХОМ-ийг хураангуй байдлаар олон нийтэд мэдээлдэг болсноор иргэд албан тушаалтнууд хөрөнгө орлогыг хянах боломжтой болсон. Аливаа албан тушаалтан хөрөнгөө нуун дарагдуулсан, эсвэл хөрөнгөд нь огцом өөрчлөлт орсон, зориудаар худал мэдээлсэн байвал энэ талаар АТГ-т мэдээлж, шалгуулах бүрэн боломжтой юм.
АТГ нь төрийн албан хаагчдаас ХОМ-ээ мэдүүлэх ёстой гэж шаардах бус тэдний санал хүсэлтийг ч гэсэн хүлээн авч хамтран ажилласнаар хөрөнгө, орлогыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх боломж бүрджээ.
Тухайлбал, энэ жилээс эхлэн үл хөдлөх хөрөнгийг задалж өгчээ. Урьд нь хашаа байшин, орон сууц, гарааш, барилга, байгууламжийг нэгтгэн нэг тоонд оруулж бичдэг байсан нь тухайн мэдүүлэг гаргагчийг 5-7 орон сууц юм уу, барилга байгууламжтай мэт харагдуулж, нийгэмд буруу ойлголт түгээдэг байсан аж. Харин энэ жилээс мэдүүлэг гаргагчийн үл хөдлөх хөрөнгийг хашаа байшин, нийтийн орон сууц, оффис, гарааш, зуслан хэмээн ангилж өгсөн нь тухайн албан хаагчийн үл хөдлөх хөрөнгө үнэн зөвөөр мэдээлэгддэг болсон байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт АТГ-ын ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх “Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэл, хяналтын өнөөгийн байдлын талаарх” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан. Тэрбээр уг илтгэлдээ "төрийн албан хаагч нарын хүргэн, бэр, тусдаа амьдарч байгаа хүүхдийн орлого ХОМ-т ордоггүй. Тэгэхээр хамаарал бүхий гэдэг ойлголтод ямар хүмүүсийг хамруулах талаар тодорхой болгох хэрэгтэй байна.
Үүнээс гадна ХОМ-т мал, үнэд эдлэл зэргээ албан хаагч нар өөрсдөө үнэлдэг. Гэтэл тэр нь зах зээлийн үнэлгээтэйгээ нийцдэггүй. Иймээс ямар байгууллага тэр үнэлгээг гаргах ёстой талаар эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байна. Мэдүүлэг гаргагчийн банкны дансыг хянах зохицуулалт байхгүй улмаас ХОМ үнэн бодитой гарахгүй байна. Иймээс банкны тухай хуулинд өөрчлөлт оруулж, банкны мэдээллийг авах боломжийг АТГ-т нээлттэй болгох хэрэгтэй" гэв.
АТГ-ын ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх:
-Хууль бусаар орлого олж байгаа, үндэслэлгүй, хөрөнгөжиж байгаа албан тушаалтны талаарх мэдээллийг иргэд АТГ-т мэдээлэх боломжийг нэмэгдүүлнэ
-Албан тушаалтан хөрөнгө, орлогоос гадна хэрэглээ, зарлагаа мэдүүлэх гарцыг хайж байна. Энэ боломж хаалттай байснаар ХОМ-ийг бүрэн шалгах, хууль бус орлого, нуугдмал хөрөнгийг илрүүлэх үйл ажиллагаанд бэрхшээл учирсаар байна.
-АТГ төрийн албан хаагчдын банкны данс, гүйлгээтэй холбоотой мэдээлэл, лавлагааг гаргуулан авдаг болохын тул банкны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг голчлон дурдлаа.
Нийтийн болон төрийн албанд томилгоо хийх бүрдээ тухайн хүний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ авдаг. Гэтэл уг албан тушаалт очоод авлига авах тохиолдол их байдаг. Олон улсад тухайн албан тушаалд очихоос өмнө ямар хөрөнгөтэй байсан уг албан тушаалаас буугаад ямар хөрөнгөтэй болсон талаар ХОМ-т тусгуулдаг ажээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн “Албан тушаалтны хөрөнгө орлогын тухай мэдээллийг улсын нууцаас гаргаснаар хойш 10 жил өнгөрсөн ч дөнгөж энэ оноос эхлэн онлайнаар 40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдээлэл ил тод боллоо. Хөрөнгө орлогын мэдүүлэг ил тод байснаар авлигатай тэмцэх болно. АТГ авлига авч, өгсний дараа үйл явдлын хойноос хөөцөлдөж байна. Үндсээр нь таслан зогсоохын тулд бэлэн мөнгөний урсгалыг хянах, хүн болгон татвараа мэдүүлдэг болсноор хяналт сайжирна” хэмээв.
Албан тушаалтан хөрөнгөө зарсан шилжүүлсэн үед худалдааны татвар төлсөн эсэх, газар, лицензийг үл хөдлөх хөрөнгийн татвартай нийцэж буй эсэхээр нь хянах хэрэгтэй гэнэ.
Өндөр хөгжилтэй орнуудад ХОМ нь нээлттэй байхаас гадна олон нийтийн оролцоо өндөр байдаг байна.
Өнөөдрийн байдлаар 153 оронд хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг ажээ. Дээрх улс орнууд уг мэдүүлэгт дараах зүйлсийг тусгадаг юм.
-Орлогын эх үүсвэр /хаанаас/
-Хувьцааны үнэлгээ
-Дансны мэдүүлэг
-Бэлэн мөнгө
-Үл хөдлөх хөрөнгө
-Өр, зээл
-Нийтийн албанд томилогдохоос өмнөх орлогын мэдүүлэг, тухайн албан тушаалаас буусны дараа хөрөнгө орлого нь хэр өөрчлөгдсөн
-Бэлэг сэлт
-Өөр албан тушаал хашдаг эсэх
-Зарлага
Одоогийн байдлаар 153 орноос 20 хүрэхгүй улс орнуудын албан тушаалтан зарлагаа мэдүүлдэг. Зарлагаа мэдүүлдэг улс орнуудын авлигын эрсдэл буурсан үзүүлэлттэй байдаг аж.
Цаашлаад өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд албан тушаалтнуудын гэр бүлийн орлогыг ХОМ-тээ тусгахыг шаарддаг бол бага орлоготой улс орнуудын хувьд гэр бүлийн орлогоо мэдүүлдэггүй байна.
Ихэнх улс орнууд албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг бөгөөд хувь хүний нууцад харшилдаггүй гэж үздэг. Гэтэл манай улсад хураангуй байдлаар мэдээлж буй нь учир дутагдалтай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгааг “Транперенси Интернэшл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Төрболд дурдав.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллагууд АТГ хамтран ажиллах боломжтойгоос гадна төрийн томоохон албан тушаалтнаас гадна төрийн албаны хурган дарга, орон нутгийн албан хаагч нарын хөрөнгө орлогод хяналт тавьснаар авлига буурах болно гэдгийг онцлон дурдав.
Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх хэлэлцүүлгийн үеэр Авлигын эсрэг тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, санхүүгийн байгууллагаас мэдээлэл авах эрх зүйн орчинг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог сайжруулах талаар талууд санал нэгдэв.
Иргэд албан тушаалтны хөрөнгө орлогын талаар 110 гэсэн тусгай дугаарын утсанд мэдээлэхээс гадна цахимаар болон бичгээр мэдээлэх бүх боломж нээлттэй. Иргэдээс ирсэн мэдээллийг хянаж шалган хариуцлага тооцсон талаарх мэдээллийг АТГ-аас иргэдэд эргэх холбоогоор мэдээлдэг ажээ.