Фахр-э-Алам поп дуучин хэдий ч олны анхаарлыг өөрийн эр зориг, авхаалж самбаагаараа татаж эхэлжээ. Дуучин залуу дэлхийг тойрох аялалд гарсан анхны пакистан иргэн болж байна. Тэрээр ганц хөдөлгүүртэй жижиг онгоцоор зааварлагч нисгэгчийн хамт дэлхийг тойрон аялж байна.
Алам Европ, Африк, Ойрхи Дорнодын орнуудаар зургаа хоногийн турш нисч Пакистаны Карачи хотод газардаад байна. Ирэх өдрүүдэд Азийн орнуудыг тойрон аялах юм.
Поп од 100 хүрэхгүй цаг ниссэн туршлага багатай тул зааварлагчийн хамт аяллаа эхлүүлсэн байна. АНУ-ын Флоридагаас эхэлсэн аяллыг “Парвааз даалгавар” гэж нэрлэсэн бөгөөд ирэх сард аяллаа эхлүүлсэн хотдоо эргэж газардсанаар даалгавраа биелүүлнэ.
Аяллын явцад идэж буй хоол хүнс, уулзсан хүмүүс гээд адал явдал, сонин сайхнаа дүрсжүүлэн, гэрэл зургаар баталгаажуулж Твиттер хуудсандаа тогтмол байршуулж байна. Пакистан улсаас урьд өмнө нь дэлхийг тойрон аялсан зоригтон байхгүй учир цахим ертөнцөд анхаарлын төвд байгаа юм.
Олон иргэн түүгээр бахархан, дуучин гэхээс илүү баатарлаг үйлсээрээ олонд танигдаж байна гэжээ. Поп од “эх орныхоо агаарын бүсэд орж ирэхэд огт өөр мэдрэмж төрсөн” хэмээн Карачид болсон хэвлэлийн хурал дээр ярьсан байна.
Азийн орнуудаас Энэтхэг улсад газардахгүй гэлээ. Энэтхэг, Пакистан улсууд түүхэн зөрчилтэй. Хоёр улсын иргэд харилцан зорчих виз авахад хүндрэлтэй байдаг юм.
Эх сурвалж: www.bbc.com