Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.
-2019 он Шинжлэх ухааны салбарынханд амжилттай жил боллоо гэж харж байна. Бодлого боловсруулагч хүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?
-2019 он Шинжлэх ухаан, технологийн салбарынхны хувьд онцгой жил байлаа. Эрдэмтэн мэргэд түүхэнд анх удаа нүүр нүүрээ харалцан тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдлийг тодорхойлсон анхдугаар их хурлаа амжилттай зохион байгууллаа. Анхдугаар их хурлын үеэр эрдэмтэн судлаачдын гаргасан санал зөвлөмжүүдэд үндэслэн Засгийн газраас 8 зүйл заалт бүхий тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд шинжлэх ухаан технологийн салбарын судалгаа боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх, төр-шинжлэх ухааны түншлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барих, дэлхийд үнэлэгдсэн эрдэмтэн судлаачдаа урамшуулдаг тогтолцоог бий болгох, эрдэм шинжилгээний ажилтны ур чадварын нэмэгдлийг олгох, шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаа менежментийг олон улсын жишигт хүргэх, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судалгаа боловсруулалтын хамтын ажиллагааг өрнүүлэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн заалтууд туссан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр БСШУС-ын сайдын тушаалаар ажлын хэсгүүд байгуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Ё.Баатарбилэг сайд томилогдсоныхоо дараа 2019 онд дөрвөн салбарынхаа хэмжээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгой анхаарна гэж байсан. Шинжлэх ухаан технологийн салбарын хувьд биеллээ олж чадсан уу?
-Улсын Их Хуралд Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төсөл Засгийн газар болон УИХ-ын гишүүн Баттөмөр нараас өргөн баригдсан. Одоо төсөл боловсруулсан ажлын хэсгүүд хамтраад хоёр төслөө нэгтгэх ажилд ороод явж байна. Инновацийн тухай хууль Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцэгдэж байна. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн үзэл баримтлал батлагдсан. Одоо хуулийн төсөл дээрээ санал авч байна. Энэ хуулийн төслийг бид шинээр боловсруулж байгаа учраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр шинжлэх ухааны паркийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллуулж байгаа. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төслөө шинэ оноос өмнө Засгийн газраар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн Шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, Шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого зэрэг салбарын хөгжлийн үндэс болсон гол баримт бичгүүд Засгийн газраар хэлэлцэгдэж батлагдсан. Энэ бүхнийг дурдахын учир нь 2019 он бол шинжлэх ухаан технологийн салбарт бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн жил боллоо гэж дүгнэж байна.
-Эрх зүйн орчин бүрдлээ ч эрдэмтдийн судалгаа боловсруулалтын ажил үр дүнтэй байх эсэх нь санхүүжилтээс их хамаарна биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ирэх оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Судалгаа боловсруулалтын ажлын төсвийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч төсвийн төсөлд саналаа оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ ч илэрхийлсэн.
-Анхдугаар их хурлын үеэр эрдэмтэд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх санал их гарсан. Энэ тал дээр ямар бодлого, арга хэмжээ авч байна вэ?
-Эрдэм шинжилгээний байгууллагуудын одоо ашиглаж байгаа лабораториудыг шинэчлэх, орчин нөхцөлийг сайжруулахад нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Тооцоолол үндэслэлийг нь Засгийн газарт гаргаж өгсөн. Нөгөө талаар бид улсын төсвийг хараад суулгүйгээр Олон Улсын донор байгууллагуудын дэмжлэг, төсөл хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил нэлээд хийгдсэн. Одоо шинжлэх ухааны академи болон яамны харьяа хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг ирэх онд эрчимжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Нэг дор бүгдийг нь биш ч, шат дараатай жилээс жилд сайжруулах ажил хийгдэнэ.
-Арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилтны өдөр тохиодог. Энэ жилийн шинжлэх ухааны ажилтны өдөр ямар онцлог арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-Есдүгээр сард Шинжлэх ухааны ажилтны анхдугаар хурлаа хийж, асуудлуудаа ярилцсан учраас энэ жил Шинжлэх ухааны ажилтны өдрийг цомхон тэмдэглэнэ. Хүрээлэнгүүд, гарааны компаниуд нэгдсэн байдлаар том үзэсгэлэн зохион байгуулдаг байсан бол энэ жил нэгдсэн үзэсгэлэн гарахгүй. Хүрээлэнгүүд тус бүрдээ “Нээлттэй хаалганы өдөр” байдлаар үзэсгэлэнгээ зохион байгуулахаар болсон. Шинжлэх ухаан технологийн сантай хамтраад баярын ёслолын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг бүтээл, салбарын шагнал, грантуудаа олгоно.
-2020 оныг хэрхэн төсөөлж байна вэ?
-Анхдугаар их хурал болон засгийн газраас энэ жил гарсан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулсан жил байх болно. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Шинжлэх ухаан технологийн сангийн менежментийг сайжруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Шинжлэх ухаан технологийн санг дэлхийн шилдэг сангийн хөгжлийн жишиг рүү ойртуулах, менежментийг нь сайжруулах, гадаад, дотоод харилцаа холбоог нь өргөжүүлэх, их дээд сургуульд магистрантур, докторантурт суралцаж буй шилдэг суралцагсдын судалгаанд нь грант олгодог, хүрээлэнгүүдийн судалгаа хөгжүүлэлтийг дэмждэг, олон жилийн турш хийгдэж ирсэн судалгаа, төслүүдийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах зэрэг зохион байгуулалт болон, үйл ажиллагааны хувьд шинэчлэх шаардлага тулгарч байгаа.
2020 онд Шинжлэх ухаан технологийн салбарын мастер төлөвлөгөө дуусна. Тэгэхээр ирэх 5, 10 жилд шинжлэх ухаан, технологийн салбар яаж хөгжих ёстой вэ зураглал, төлөвлөлтийг гаргасан хөгжлийн шинэ төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлнэ. Шинжлэх ухааны парк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, байгуулах ажлыг эхлүүлэхэд анхаарна. 2025 он гэхэд Шинжлэх ухаан технологийн паркийг иж бүрэн биш юмаа гэхэд хөгжлийн тэргүүлэх чиглэлд уялдсан судалгаа боловсруулалтын үр дүн, шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дэд бүтэц бий болсон байхаар төсөөлөн ажиллаж байна. Мөн судалгаа хөгжүүлэлтийн ажлын зардлыг 2025 он гэхэд ДНБ-ний 1%-д хүргэх нь бидний хамгийн чухал зорилт юм.
-Монгол эрдэмтдийн мэдлэг чадвар олон улсад хэр үнэлэгддэг вэ?
-Дэлхийд үнэлэгдсэн Монголын эрдэмтэн судлаачдын тоо жилээс жилд өсөж байгаа. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их дээд сургуульд боловсрол эзэмшсэн сайн судлаачид их төрж байна. Харамсалтай нь Монголдоо ажиллах нөхцөл боломж тааруу учраас тэд суралцаж төгссөн орныхоо их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж байна. Бид тэр залуусаа татаж Монголдоо ажиллуулж чаддаггүй юмаа гэхэд Монголд ач тусаа өгөх судалгаанд татан оролцуулдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа эрдэмтдээ цалин урамшууллаас гадна, тэдний бий болгосон мэдлэг шингэсэн бүтээлийг үнэлдэг тогтолцоог бий болгохгүй бол чадвартай эрдэмтдээ гадагш нь алдсаар байх болно. Харин өнгөрсөн сард Засгийн газраас олон улсын томоохон сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлж, дэлхийд үнэлэгдсэн эрдэмтдээ урамшуулах шийдвэр гарсан нь эрдэмтдээ үнэлж байгаа нэг хэлбэр нөгөө талаар чадварлаг эрдэмтдээ татахад чиглэсэн зөв бодлого гэж үзэж байна.