Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 100 мянган айлын янданд индүкцийн төхөөрөмж суулгаж, утаатай тэмцэнэ гээд явж байна. УИХ-аар хэлэлцэж буй 2019 оны улсын төсвийн төсөлд нийслэлийн утааг бууруулахад 154 тэрбум төгрөг гаргаж, үүнийг БОАЖ-ын сайдын багцад тусгаад байгаа. Энэ мөнгөөр цахилгааны тарифын хөнгөлөлт, 3000 нам даралтын зууханд шүүлтүүр суулгах зэрэг ажлыг хийх гэнэ.
Мөн 54 тэрбум төгрөгөөр нь гэр хорооллын 100 мянган айлын янданд индүкцийн төхөөрөмж суурилуулах аж. Нэг төхөөрөмжийн үнэ 200 ам.доллар бөгөөд үр дүнд нь Улаанбаатарын утааны бохирдол 50 хувь буурах гэнэ. Үүнийг санаачилснаараа улс төрд шинэ, нас залуу Байгаль орчин, аялал жуучлалын сайд маань ухаан санааны хувьд урьдын хүмүүстэйгээ адилхан гэдгээ нотоллоо. Өнгөрсөн хугацаанд өтгөн утаагаар түрий барьж өчнөөн мөнгө “залгисан”, хэрэгжүүлэгч нь хулгай луйвар хийдэг мухар арга руу ороод явчихав бололтой.
Зуух, дулаалга, шүүлтүүр тарааж, утаатай тэмцдэг ажлууд үнэхээр монголчуудад тараа таниулчихсан юм аа. Ийм байтал одоо дахиад янданд индүкцийн төхөөрөмж тавьж утааг бүрэн шатаана гэж ярьж байгаагийн цаана өөр эрх ашиг явж буй юм биш биз гэсэн хардлага дагуулж байна. Өнгөрсөн долоо хоногт БОАЖын сайд Н.Цэрэнбат “Шүүлтүүр тараах нь гэж шүүмжилж байна. Одоо зоригтой алхмуудыг хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно.
Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна. Хятадын “Haier” компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Тус компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгсөн. Уг компанийнхан Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулна. Бид тэдэнд хандсанаар хамтарч ажиллахаар болсон. Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа” гэжээ. Мөн өчигдөр БОАЖын сайд мэдээлэл хийв.
Түүний 100 мянган янданд суулгах гээд байгаа төхөөрөмж нь монгол залуучуудын оюуны бүтээл юм байна. Ингэхээр хамгийн түрүүнд манайхны зохион бүтээсэн яндангийн шүүлтүүрийг 2012 онд Баянгол дүүрэгт баахан мөнгө зарлагадаж туршаад хэрэгцээгүй гээд орхиж байсан явдал санаанд орж байгаа юм. Харин энэ удаагийн бүтээл нь янданд суурилуулах индүкцийн төхөөрөмж аж. Түүгээрээ яндангаар гарах утааг замд нь ууршуулж бүрэн шатаах юм уу даа.
Энэ төхөөрөмжөө БНХАУын “Haier” групптэй холбоо тогтоож үйлдвэрлүүлэхээр болжээ. Арванхоёрдугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгох гэнэ. Гэхдээ үүнээс хэдэн сонирхолтой асуулт гарч байна. БОАЖын сайд Н.Цэрэнбатын үзэж буйгаар “Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр, иргэд хамтран чармайх ёстой” аж. Ингэхийн тулд иргэд сар бүрийн цахилгааных нь зардалд нэмэгдэл учруулах индүкцийн төхөөрөмжийг авч яндандаа суулгах юм байна. Цахилгаанаар гэрийнхээ халаалтыг шийдсэн айлууд өвлийн улиралд сардаа 300-400 мянган төгрөг цахилгааны төлбөрт төлж байгаа. Зарим нь энэ өвлөөс нүүрсээр гэрээ халаах талаар ч ярьж байна. Ийм байхад индүкцийн төхөөрөмж яндандаа залгаад сууж байх хүн олдох уу.
Янданд суулгах индүкцийн төхөөрөмжийг 2.5 кВт цахилгаанаар ажиллана гэж өчигдөр ярьж байна лээ. Нүүрсээ түлээд дээр нь ийм хэмжээний цахилгаан зарцуулах төхөөрөмж суулгана гэсэн үг. Гэтэл өнөөдөр интернэтэд ороод харахад л 100 ам метр талбайг 80 хэм халаах дөрвөн кВтаар ажилладаг уурын бойлуурын танилцуулга өчнөөн гарч ирж байна. За энэ нь байг. Албаны хүмүүсийнх нь мэдэгдэж байгаагаар цахилгаанаар ажилладаг индүкцийг иргэд өдрийн цагаар залгах үүрэг хүлээх юм байна. Түүнд нь нэг өрх сардаа 22 мянган төгрөг гаргах судалгаа гарсан гэнэ. Үүнд нь итгээд үзье. Хүйтэн сэрүүний зургаан сард сар бүр 22 мянган төгрөг өглөө гэхэд 146 мянган төгрөг болно.
Ийм мөнгө цахилгаандаа илүү зарцуулснаас ганц портер нүүрс авахыг илүүд үзэх айл олон. Өөрсдөө төрийн өндөр сэнтийд заларч, өч төчнөөн бизнестэй явдаг болохоор мэдрэхгүй байж магадгүй. Өнөөдөр гэр хороололд эмнэлэгт үзүүлэх үзлэгийн таван мянган төгрөггүй хүн олон бий. Өглөө Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очоод харах юм бол аавыгаа, хүүхдээ үзүүлчихээд үзлэгийн мөнгө өгч чадахгүй “Таван мянган төгрөг зээлээч” гээд танилууд руугаа утсаар зогсоо зайгүй залгаж байгаа ээжүүд, хүүхдүүдийг олж харна. Ингэхэд ер нь ажлын байргүй, төрийн байгууллагууд нь танил тал харсан нийгмийг байгуулсан хүмүүс нь ч тэд биш шүү.
Байгаль орчны сайд Н.Цэрэнбат “54 тэрбум төгрөгөөр өөр юу хийх боломжтой вэ. 900 айлын орон сууц барьж болно. 4000 айлын лизингийн урьдчилгаа төлж хүрнэ. Тэгвэл цаана нь 216 мянган айлын утааг үнэрлэнэ. Тэгэхээр энэ шинэ техник, технологийг нэвтрүүлэх ёстой гэж харж байгаа” гэж ярилаа. Нэг сонирхолтой зүйл нь Хятадад яндангийн шүүлтүүр үйлдвэрлүүлж байгаа ч үүнийг нь хятадууд бол ашиглаж байгаагүй юм билээ. Манайхтай төстэй утаа униартай хот гэвэл Бээжин байлаа. Хятадын эрх баригчид агаар шүүгч, яндангийн индүкц санаачлахын оронд шууд сайжруулсан түлшинд ач холбогдол өгсөн байдаг юм. Тэд нийтийн тээврээ сайжруулж, автомашины татварыг нэмж, нийтийн орон сууцны хорооллууд барьсан байдаг. Үйлдвэрүүдээ хотоосоо гаргаж, хамгийн гол нь 98 хувь хүртэл шаталттай түлш үйлдвэрлэж энгийн түлшний үнээр иргэддээ өгсөн юм.
Манай Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15наас эхлэн хот руу түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр гаргачихаад байгаа. Тэгээд сайжруулсан түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэн утаагаа бууруулах зорилттой. Тэгвэл яагаад үүнийгээ энэ жил хийж болдоггүй юм. Яагаад заавал нэг жил алдаж, иргэдээ чирэгдүүлж, хэн нэгний бизнесийг тэтгэх чадах улсууд. Хэрвээ тэгэх юм бол хүмүүсээс харин ч эх оронч санаачилга гарна. Бүрэн шатдаг түлшийг авч хэрэглэнэ.
Одоо ярьж байгаа шиг албадлагын ч гэмээр аргаар баахан төхөөрөмж тараагаад тэр нь цахилгааны мөнгөнд дарамт учруулдаг, улсын мөнгийг үрэн таран хийдэг байдалд хэн дуртай хандах юм. Хүмүүсээс тогны мөнгө илүү өг гэж шаардахын оронд амины орон сууцаа дулаалъя гэж уриалбал илүү үр дүнд хүрнэ.
Агаарын бохирдол нь үйлдвэрлэлээс үүссэн том хот манайх биш. Унаа машинаас гардаг угаар ч нүсэр хотуудтай харьцуулахад бага. Ер нь тэгээд утаатай тэмцэнэ гэдэг манай нөхцөлд бол нүүрстэй тэмцэх л асуудал шүү дээ. Айлуудын нүүрсний хэрэглээг юугаар орлуулах вэ гэдгээ л хамгийн түрүүнд шийдвэл энэ Засгийн газрын гавьяа болно. Үүнийг заавал сонгуулийн жил шийдэж оноо авах ямар хэрэг байна.
Бас сонгуулийнхаа өмнөх жил иргэдээ сааж, элдэв төхөөрөмж тулгах ямар хэрэгтэй юм. Хэрэв энэ ажил явбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засгийн газрынхаа хасах оноо болно шүү. 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн хуулиар 2019 оны төсөв нэгдүгээр сарын 1нээс хэрэгжиж эхлэх учиртай. Хөрөнгө, мөнгө төгрөгийн ажил нь хоёрдугаар сар гэж шийдэгдэнэ. Үүнээс ургуулаад үзэхэд л бараг хавар болж байхад баахан айлд индүкцийн төхөөрөмж шахчихаад тавдугаар сард нь түүхий нүүрсийг хориглохоор харагдаад байгаа юм.
Эрх биш үүнийгээ Засгийн газар анзаарсан байлгүй дээ. БОАЖын сайд Н.Цэрэнбат өчигдөр мэдээл лийн хээ үеэр “Бидний гол яриад байгаа юм эрүүл мэнд. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын өвчлөлтэй, 28.8 хувь нь уушги, зүрхний хавсарсан өвчлөлтэй байна. Хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос үүдэлтэйгээр 018 насны хүүхдүүдийн эмчилгээнд жилд 10.4 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарсан.
Насанд хүрсэн иргэдийнхээ 30 хувийг нэмбэл энэ мөнгө 18 тэрбум төгрөг болно. Жил болгон ийм хэмжээний мөнгийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөө эмчлүүлэхээр зарцуулж байна. Улаанбаатар хотын хүүхдүүд орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад уушгиных нь багтаамж 40 хувиар бага байна. Энэ бол агаарын бохирдлоос үүдэлтэй. Бидний төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй бий болгосон гэр хорооллын 220 мянган өрхөөс болж байгаа хэрэг. Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр өсч байна.
Тэгэхээр 220 мянган өрхийн орон сууцны урьдчилгаанд 15 сая төгрөг хийе гэхэд 3.2 их наяд төгрөг болно. Дэд бүтэц дээр нь 2.8 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ ажлыг хүлээнэ гэвэл бид жилдээ арван хорин тэрбумаар нь эмчилгээнд зарцуулаад бүгдээрээ амьсгалын замын суурь өвчтэй болж хоцорно” гэж байлаа. Түүний ингэж хэлж байгаа нь зөв. Гэхдээ нүүрс түлж, цахилгаан зарцуулаад утаа бууруулна гэж сэрүүн зүүдлээд яах нь вэ, Н.Цэрэнбат сайд минь. Түүний оронд арай үр ашигтай өөр шийдэл олон нийтэд санал болго л доо.