Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг нэмбэл бид 2041 оноос ашиг хүртэнэ
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дээрх төслийг боловсруулж, чуулганы хуралдаанд хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт хариулт авсныг хүргэе.
УИХ–ын гишүүн Ц.Даваасүрэн: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудал шийдсэний нэг нь Эрдэнэтийн 49 хувийг УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдсэн явдал. Нөгөө нь Дубайн гэрээ юм. Тэд 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан. Гэтэл орж ирсэн энэ тогтоолын төслийн хоёрт хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулсан гэсэн байна. Энэ ямар учиртай юм бол.Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг.
Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Яагаад гэвэл би Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний алдааг хэзээ ч зөвтгөж чадахгүй. “Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочихоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар шүү дээ.
Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр. Олон улсад шударга шүүх гэж байдаг бол энэ цэвэр дээрэм шүү дээ. Ийм л схем. Энэ асуудлыг Ч.Сайханбилэг гэдэг нөхөр Дубайд очиж шийдээд 4.7 тэрбум магадгүй зургаан тэрбум ам.доллар авсан ч байж магадгүй. Үүнээс хэд нь Монголд орж ирсэн нь тодорхойгүй.
Миний анзаарч байгаагаар гүний уурхайн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар ороогүй. Үүнийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас эднийд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа амьдрал Ч.Сайханбилэг, С.Баярыг шүүнэ шүү. Энэ асуудлыг буруугаар шийдвэл бидний дараа дараагийн олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Тийм учраас гадна талаас айж, энэ асуудлыг шийдэж болохгүй. Дотоод хүчин зүйл, ирэх сонгуулиа бид бодох ёстой.
УИХ–ын гишүүн Б.Баттөмөр: Оюутолгой орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулж байгуулсан. Тус ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Үүний дараа буюу 86 дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг надаар ахлуулж, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр байгууллаа.
86 дүгнэлтийн хүрээнд л бид ажилласан. Ямар нэг зүйл нэмж, хасаагүй. Нийт есөн төрлөөр тогтоолын төсөл боловсруулж, ес дэх хувилбарыг УИХ-д өгсөн. Мөн Засгийн газар, ҮАБЗ-ийн саналыг аваад энэ тогтоолын төслийг дахин оруулж ирж байгаа юм. Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй. Оюутолгой төсөл хэрэгжээд 10 жил болж байна. Төслийг сайжруулах чиглэлд явах болов уу.
Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас “Дубайн гэрээг хүчингүй болго” гэсэн санал байгаа. Үүнийг үгүйсгэхгүй байгаа. Энэ нь Оюутолгой ордоос манай талд эзэмшдэг 34 хувь ашиггүй байна, үүнийг бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-өөр орлуулах, солих, Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх гэсэн заалт тогтоолын төсөлд байгаа. Гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах, дагалдах элементийн асуудлыг авч үзээд ТЭЗҮ-ийг дахин хийх санал байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөрөнгө оруулалт нэмэгдвэл бид ашиг хүртэх хугацаа улам хойшилно. Энэ тооцоогоор явбал бид 2041 он гэхэд нэг тэрбум ам.долларын өртэй хувьцаа эзэмшигчид болж хоцорно.
Ийм учраас нэгэнт нэг завин дээр суучихсан байгаа улс хэлэлцээрт орж, аль хувилбар нь Монголд ашигтай байх талаар ярилцах ёстой. Монголчуудад хамгийн ашигтай гэж анх хөрөнгө оруулалт ярьж байхад хэлж байсан. Талхны 70 хувийг монголчууд авна гэж байсан шигээ баймаар байна. Анх Оюутолгой төслийн гэрээ байгуулагдахад Улаанбаатарын гудамжаар дүүрэн талхны зурагтай рекламууд тавигдсан. Гэрээ зурагдаад 10 жил боллоо, талхны 70 хувь бидэнд ирсэнгүй. Тийм учраас асуудлыг бодитоор харж бид хэлэлцээний ширээний ард суух цаг нь болсон. Монголчууд 1.4 тэрбум ам.доллартай өрөнд орсон. Өдөр бүр өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсон байна.
Уг нь бол хувьцаа эзэндээ ногдол ашиг авчирдаг байх ёстой. Гэтэл хувьцаа эзнээ өдөр бүр өрөнд оруулдаг ийм хувьцааны эзэд яагаад бид болчихов гэдгийг яримаар байна. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартай тэнцэнэ гэж байсан ч одоо энэ тоо хоёр дахин ихсээд 11.1 тэрбум ам.доллар болчихоод байна. Хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа татварын маргаанд орсон. 2010-2012 оны санхүүгийн тайланд 3.2 тэрбум ам.доллартай тэнцэх санхүүгийн зөрчилтэй гэх ажлын хэсгийн дүгнэлт гаргасан. Мөн менежментийн төлбөрийн асуудал.
Монголчуудын талд энэ төлбөр маш сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь цаашид хоёр тэрбум ам.долларт хүрэх юм билээ. 2023 онд хүртэх байсан бидний ашиг хүртэх хугацаа 2041 он болж хойшлогдсон. Хөрөнгө оруулагч тал гэрээгээ огт биелүүлэхгүй байгаа. Жилд 130-140 сая ам.долларыг зөвхөн эрчим хүчинд төлж, Хятадад алдаж байна. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр аль хэдийнэ эрчим хүчний станцаа барьчихсан байх байсан. Энэ мэт асуудал байгаа учраас утга учиргүй улстөржилт, хэрүүл маргаанаа зогсоож эрүүл ухаанаар хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Л.Энх-Амгалан гишүүний ярьсантай санал нэг байна. Бид тоотой ярих ёстой гэдэг нь үнэн. Цээжнийхээ бангаар олон юм ярьж хэрэггүй. Тоотой үндэслэлтэй ярих ёстой. Яг өнөөдөр 11.1 тэрбум ам.долларын өрийг авч үзвэл 2041 онд Монгол Улс 16 хувийг нь л худалдаж авна. Хэрэв цаашид хөрөнгө оруулалт нь нэмэгдвэл 2048 он болж хойшлогдоно.
2009 онд байгуулсан анхны гэрээнд дөрвөн жил дараагаас буюу 2013 онд Өмнөговь аймагт Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл энэ заалтаа дунд нь хүчингүй болгоод мөнхийн урд хөршөөс эрчим хүч худалдаж авахаар болгосон. Өнөөдөр анхны гэрээний заалт хэвээрээ байгаа.
Жилд 200 гаруй сая ам.долларыг эрчим хүчинд зарцуулж байна. Сүүлд энэ мэдээллийг ажлын хэсэг тодруулж асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр Оюутолгой компани цахилгаан станц барихад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй, зөвхөн станцын шугамыг барихад 300 сая ам.доллар ингээд нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр цахилгаан станц барих юм байна лээ.
Гэтэл адилхан тэнд нь 1.3 дахин бага үнээр буюу 500 сая ам.доллараар станц барих саналаа Монголын компани өгсөн байсан. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто хоёрын дунд ийм л асуудал байна. Татварт мөн асуудал их байгаа. Жил бүр татварын маргаан гардаг. Татвар шударга байх зарчмын дагуу энэ компани төлөх ёстой ч дагаж мөрдөхгүй байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Бидэнд алдаатай зүйлс бий. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Рио-Тинто компанийн талаас уулзъя гэж маш олон удаа и-мэйл болон таньж мэдэх хүмүүсээр дамжуулж утсаар ч холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй.
Монгол нэг цонхоор ярихгүй бол хөрөнгө оруулагч тал УИХ-ын дарга, Байнгын хорооны гишүүд гэх мэт хүмүүстэй уулзаж мэдээллээ цуглуулаад нэгдсэн бодлогоор ажиллаад байна. Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа.
Тэд Монголын 34 хувь гээд олон асуудлыг ярих ёстой. Гэтэл ингэхгүй байна. Алтан дээр ямар бодлого барьсан юм. Алт, зэс, мөнгө гараад байгаа юм уу мэдэж байгаа зүйл алга. Бид энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж, мөнгө төлж болох уу. ТУЗ-ийн гишүүд үүнд ямар байр суурь барьж ажилласан юм. Үүнийг өнөөдөр сонсох ёстой. Дараагийн асуудал шүүх дээр сая юу болов гэдэгт холбогдох албаныхан тайлбар өгөөч. Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдын захирамж гээд зүйлүүд бий. Яг аль нь Засгийн газрын шийдвэр вэ.
ЗГХЭГ–ын дарга Л.Оюун–Эрдэнэ: Асуудалд нэг цонхоор харах гэдэгтэй санал нэг байна. Гишүүд айлын талаас уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад уулзаж, тал талаас утасдахаа болих хэрэгтэй. УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газар ажлаа хийх боломжийг өнөөдөр олгох ёстой. Өнгөрсөн хэдэн сард хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалтай явж ирсэн.
Нэг цонхтой холбоотой асуудлыг цаашид хаана хаанаа бодох ёстой. Албаны хүмүүс, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарт ч би анхааруулсан. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн шинжтэй байж болно гээд заачихсан. Гэхдээ Засгийн газрын явж ирсэн өмнөх нийтлэг жишгээр өндөр дүнтэй гэрээ, хэлцэлтэй холбоотой аль эсвэл хөрөнгө шийдэгдэхтэй холбоотой асуудлууд Засгийн газрын тогтоолоор албажих ёстой.
Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Үүний дараа ярилцаж байгаад цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ.
Оюутолгой ХХК–ийн ТУЗ–ийн дарга Ц.Түмэнцогт: Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүний хувьд ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу “Эрдэнэс Монгол” компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн.
Өгөөж бол татвар ногдол ашгаар авахаар байгаа. Тиймээс гэрээнд заасан өгөөжөөс гадна Монголын талын өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алсдаа нэмүү өртөг шингээх төслүүдийг яамтай хамтран хийж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг монгол компаниудаар хийлгэхэд бид анхаарч байгаа.
Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ч.Сайханбилэг гэдэг хүн Дубайд очоод байж боломгүй хууль бус гэрээ хийчихсэн. Өмнө нь тэр нөхдөд хөтлөгдөөд УИХ хуулиуддаа өөрчлөлт оруулсан. Тусгаар тогтносон улс юм бол баялгийнхаа эзэн болох ёстой. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Гадаадын үндэстэн дамнасан том компаниуд жижиг орныг, дээр нь улстөрчдийнх нь урд нь ороод хөтөлчихдөг юм билээ. Гар хөлүүд нь хуульд эвтэйхэн шургуулчихдаг.
Яаж одоо урд гарах вэ гэдгийг ярих ёстой. Асуудалд зоригтой хандах шаардлага бидэнд байна. Хайгуулын зардалд 150 сая ам.доллар тохирсныг 750 сая ам.доллар болгоод биччихсэн байх жишээтэй. Далд уурхайн бүтээн байгуулалтад дахин хөрөнгө шаардлагатай болсон. Үүнд 323 сая ам.доллар шаардлагатай гэж байна. Юу гэсэн үг вэ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс хувьцааны 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан. Явцдаа байгуулсан нийт есөн гэрээнээс хоёр нь мөнгө зээлсэн гэрээ.
Хамгийн сүүлд Дубайн гэрээг аваад үзэхэд Монгол Улс 2041 он гэхэд үлдэж байгаа 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа хойшлогдоно. Анхнаасаа хувьцааны, зээлийн санхүүжилт гэж хоёр зүйл байсан. Хувьцааны санхүүжилтэд дандаа зээлээр хийгдсэн байдаг.
Дэлхийн 15 том банкнаас зээл авсан. Ийм том бүтээн байгуулалтыг өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр зардлыг нь өсгөөд дагаад бид ашиг хүртэх хугацаа хойшлогдоно гэсэн үг. Тийм учраас Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Баталгааны шимтгэл авч байгаа нь мөн асуудал. ТЭЗҮ таван жил тутамд шинэчлэгдэх учиртай.
Жилд 5500 тонн зэс гаргана гэвэл үндсэндээ 70-аад жилийн батлагдсан нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр. Жилд 20 тонн алт гаргана гэвэл 2015 оны ТЭЗҮ-ээр 1100 тонн гэж үзэхээр 55 жил ашиглах нөөц байна. Энэ цааш нэмэгдэх магадлалтай. Ирэх онд ТЭЗҮ-г шинэчлэх үүргийг Засгийн газарт өгч байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж байгаа мөнгийг Дубайн гэрээнд зургаан тэрбум ам.долларыг босгоно гэж заачихсан. Үүнээс 4.3 орчим тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл бий.