Хонконгийн жагсаал өнгөрсөн зургадугаар сард эхэлснээс хойш 5,000 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Эдгээр баригдсан хүмүүсийн хамгийн бага нь 12 настай хүү бөгөөд түүнийг шүүх хурал ирэх сард болох юм байна.
Хүүг сургууль руугаа явж байх замд нь баривчлан саатуулсан ба цагдаагийн газрын ханан дээр шүршдэг будгаар суртал ухуулга бичсэн хэмээн буруутгажээ. Ял сонсохоор хүлээж байгаа 12 настай хүүгийн нэрийг олон нийтэд зарлахаас татгалзсан байна.
Засгийн газрын эсрэг, ардчиллын төлөө жагсаалын үеэр 12-15 насны хүүхдүүд баригдсан ч анх удаа өсвөр насны хүүхдийг яллах гэж байна. Ирэх сард болох шүүх хурлаа хүлээж буй 12 настай хүүг аравдугаар сарын 3-ны өдөр Монг Кокын цагдаа газрын ханан дээр “цагдаа нарыг чөтгөр аваг, Хонконгийг чөлөөл” зэрэг үгсийг будгаар шүршиж бичиж байсныг офицер олж харжээ.
South China Morning Post сонинд нийтэлснээр цагдаагийн офицер ханан дээр шүршдэг будгаар суртал ухуулгын шинжтэй үг бичсэн хүүг гэртээ харих хүртэл нь дагаж, өглөө гарч ирэх хүртэл шөнөжин хүлээсэн байна.
Хүүгийн өмгөөлөгч түүнийг цагдаагийн газарт саатуулж хонуулсан нь маш том сургамж болсон учраас дөнгөж 12 настай байгааг нь бодолцож дахин нэг боломж олгохыг шүүгчдээс хүснэ гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com