ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржавын тушаалаар Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл аймгийн болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга нарт Өнгөрсөн долоо хоногт сахилгын арга хэмжээ авсан байсан.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нь авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан тус газрын дарга, дэд хурандаа Д.Болдсайханы цолыг нэг шат буулгаж хошууч, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатарын цолыг мөн нэг шат бууруулан дэд хурандаа болгосон байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах, Хөх хотын ерөнхий консул Ж.Баатарчулуун тус аймгийн нутагт осолд орох үед орон нутагтаа байгаагүй шалтгаанаар ийн цолыг нь бууруулсан аж
Мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ц.Адъяацэрэнг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн дүү түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар хэлэх хүн гарсангүй.
Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийнямд цалин бууруулах арга хэмжээ авсан байна. Удирдлагад нь ажиллаж буй алба хаагч нар иргэн Ц.Пүрэвдоржид үндэслэлгүй хэрэг нээж албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон учраас ийнхүү хариуцлага тооцжээ.