Мексикийн өмнөд нутгийн олон зууны түүхтэй өв соёлын нэг хэсэг бол нутгийн уугуул трансжендер эмэгтэйчүүдийн соёл ажээ. Алдарт Vogue сэтгүүл хэвлэгдэж эхэлсэн цагаасаа хойш 120 жилийн хугацаанд анх удаа нүүр хуудсаа Мексикийн трансжендер бүсгүйчүүдийн төлөөллөөр гоёхоор болсон байна.
Ирэх сард Мексик, Британид хэвлэгдэх Vogue-ын шинэ дугаарын нүүрийг нутгийн уугуул трансжендер эмэгтэй Эстрелла Вазкуэз чимэх юм. Түүнтэй адил эмэгтэйчүүдийг мюкс /мойсей/ хэмээн нэрлэдэг байна.
Энэ үг нь mujer буюу эмэгтэй гэсэн утгатай испани үгнээс гаралтай бөгөөд ижил хүйстнээ сонирхогч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холимог /mix/ гэсэн утгатай үгний нийлмэл гэж үздэг.
Дэлхийн хамгийн алдартай гоо сайхан, загварын сэтгүүлийн нүүрэнд 37 настай Запотекийн уугуул мюкс эмэгтэй уламжлалт хувцас, чимэглэл, өнгийн цэцэгсээр гоёж, нэг гартаа ягаан өнгийн дэвүүр барин гарах ажээ. Сэтгүүлийн редакци Мексикт байдаг уугуул трансжендер эмэгтэйчүүдийг хавчин гадуурхах мухар сүсгийг багасгахын тулд уг сонголтыг хийсэн байна.
Мексикчүүдийн дунд Ромын Католик шашин давамгайллдаг учир ижил хүйстнээ сонирхогчид, трансжендер хүмүүсийн эсрэг хатуу чанга үзэл баримталж иржээ. Улс орондоо цөөхүүлээ биш боловч гадаад оронд төдийлөн танигдаагүй байдаг аж. Албан ёсны тоо баримтыг гаргахад амаргүй боловч нутгийн уугуул трансжендер хүмүүс хэдэн мянгаараа тоологдоно гэж үздэг байна.
Сэтгүүлийн нүүрэнд гарахаар болсон Эстрелла Вазкуэз сэтгэл нь их хөдөлж байгааг хэлж, "сэтгүүл хэвлэгдсэний дараа ямар мэдрэмж төрөх нь тодорхойгүй ч өөртэйгээ ижил хүмүүсийн эрхийг хамгаалах болсондоо хэдий нь нулимс дуслуулж амжсан" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.theguardian.com