Манай дэлхий дээр 206 улс байдгийн 193 нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, хоёр нь ажиглагч орны байр суурьтай байдаг бол үлдсэн 11 нь НҮБ-д элсэлгүй оршин тогтнож байна. Бүрэн эрхт тусгаар улс хэмээн өөрсдийгөө зарласан улс орнуудын тоо дахин нэгээр нэмэгдэж магадгүй ажээ.
Номхон далайн баруун урд байрлах Папуа Шинэ Гвиней улсын бүрэлдэхүүн Бугенвиль арлын оршин суугчид бүх нийтийн санал хураалт явуулж тусгаар тогтнолоо зарлах эсэхээ шийдэх гэж байна. Арлын 207,000 оршин суугч энэ бямба гарагт саналаа өгөх ба колоничлол, тусгаар тогтнох гэсэн оролдлого, есөн жилийн иргэний дайн, энх тайван төгсгөл нь шинэ улс гэсэн нэрээр түүхэн үйл явдлаа баяжуулах өдөр ойрхон байгаа юм.
Ажиглагчдын харж байгаагаар арлын оршин суугчдын ¾ нь тусгаар тогтнолыг дэмжих ч энэ бол дэлхийн 207 дахь улс болох үйл явцын эхний алхам билээ.
Энэ хавийн арлуудыг 18 дугаар зууны үед Францын судлаач олж Германы Шинэ Гвиней хэмээн нэрлэж колонио болгож байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Австрали улс хяналтаа тогтоож, 1975 он хүртэл захиргааджээ.
1975 онд Папуа Шинэ Гвиней улс тусгаар тогтнолоо зарлахад Бугенвиль муж болсон юм. Үнэн хэрэгтээ ПШГ улс тусгаар тогтнолоо зарлахаас өмнө Умард Соломоны Бүгд найрамдах улс гэж Бугенвиль орчмын арлууд тусгаар тогтнохыг оролдсон ч Австралийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
ПШГ улсын иргэдээс арай ондоо буюу бараан арьстай иргэд тусгаар улс болохыг хүссэн ч бүтэлгүйтсэнээр 1988 онд иргэний дайн гарчээ. Энэ дайнд арлын хүн амын 10 орчим хувь нь буюу 20,000 орчим хүн алагдсан гэж үздэг. 2005 онд Бугенвиль автономит эрхтэй Засгийн газраа байгуулжээ.
Энэ удаагийн санал хураалтаар тус арал тусгаар тогтносон улс болох эс бөгөөс автономит эрхийн хүрээгээ тэлэх болно гэж ажиглагчид мэдээлж байна. Хоёр үе шаттайгаар явах санал хураалтын дүн ирэх 12 дугаар сарын сүүлээр гарна.
Харин ПШГ улсын Засгийн газар алт, зэс зэрэг байгалийн нөөц баялаг ихтэй газар нутгаа алдах сонирхолгүй байгаа нь илт ажээ.
Эх сурвалж: www.bbc.com