Улсын төсөвт АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-өөс өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгийн орлого ордог. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төсвийн орлого 69.9 тэрбум төгрөгөөр тасарч, 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байна. АМНАТ-ийн асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын байр суурийг сонслоо.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар:
Улсын төсвөө баталчихсан. Би энэ асуудлаар Ч.Хүрэлбаатар сайдтай уулзаж ярилцсан. Миний хувьд үйлдвэрлэлийн бодлого гэж байх ёстой. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж олборлох талбай, боловсруулах үйлдвэртэй байж болно шүү дээ. Үүний зааг ялгааг сайн гаргаж өгөх талаар санал солилцсон. Улсын төсөв баталчихсан учраас Засгийн газар нэгдсэн байр суурин дээр байхаас өөр аргагүй. Сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01-ний хооронд Үндсэн хуулинд бусад дагалдах хуулиудыг уялдуулах олон ажил өрнөнө. Энэ үеэр АМТХ, Эрдэс баялгийн тухайлийн давхардал хийдэл, аж үйлдвэрийн бодлогын тухай хууль, Үйлдвэр технологийн паркийн тухай хуулиудад олон өөрчлөлт орно. Ер нь бол татварын систем, үйлдвэрлэлийн процессыг дэмжих цаг болсон. Зөвхөн АМНАТ-ыг төлөх төлөхгүй, татварыг нэмнэ нэмэхгүй гэхийн оронд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо гаргах ёстой. Үйлдвэрлэлийг дагаж олон ажлын байр бий болж ашиг орлого нэмэгддэг.
-АМНАТ-ийн өөрчлөлтийг та дэмжиж байгаа юм уу?
-Сангийн яамтай яагаад зөрчилсөн бэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшээгүй, зөвхөн баяжуулах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс АМНАТ авах нь зохимжгүй юм гэж бид үзсэн. Нэгэнт төсвөө баталчихсан. Төсвөө батлахдаа олборлож байгаа баяжуулж байгаа үйлдвэрийн аль алинаас АМНАТ авна гэж баталсан.