Нигерийн иргэн Хөүп Олусегун Арок дөрвөн жилийн өмнө Лагос хотын чанга дэглэмтэй хорих газарт 24 жил ял эдлэхээр шийтгүүлжээ. Онц ноцтой гэмт хэрэгтэн гэж үзсэн этгээд хоригдож байгаа хэдий ч хорих газрын өрөөнөөс интернэт ашиглан олон улсын хэмжээний залилангийн гэмт хэрэг үйлдэж, сая ам.доллар луйвардаж авсныг албаныхан мэдээлсэн байна.
Хорих газарт ял эдэлж байхдаа тэрээр хамтрагчидтайгаа хамсан дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр үндэстнийг хохироосон байна. Залилангийн гэмт хэрэг үйлдэж байх хугацаандаа хуурамчаар өвдөж эмнэлэгт хэвтжээ. Эрх баригчид түүнийг хорих газарт ял эдлэхийн оронд эмнэлгээс нууцаар гарч, зочид буудлуудад хоноглож, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзан, цахим орчинд чөлөөтэй аялж байсныг илрүүлжээ.
Анхан шатны мөрдлөгөөр чанга дэглэмтэй хорих газарт хэрхэн гар утас оруулж, интернэтэд холбогдсоныг шалгаж байгаа ажээ. Цаашлаад эмнэлэгт хэвтэх нэрийдлээр чөлөөтэй гадуур явж байсныг шалгах юм байна.
Нигерийн эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос Арок ял эдэлж байхдаа хэрхэн цахим залилангийн гэмт хэрэг үйлдсэн ба хаанахын иргэд хохирсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалзжээ. Гэмт этгээд Акинвунми Соринмэйд нэртэй хуурамч хаягууд нээж ашиглаж байсныг цагдаа нар тогтоосон байна. Мөн эхнэрийнхээ нэр дээр тансаг загварын автомашинууд, байр байшин худалдаж авчээ.
Арок хамгийн анх 2012 онд Малайз улсаас ирээд цахим залилангийн гэмт хэргээр баригдаж байжээ. Тухайн үед Куала Лумпурын их сургуульд компьютерын шинжлэх ухааны ангийн оюутан гэж хохирогчдод өөрийгөө танилцуулсан байна.
Эх сурвалж: www.cnn.com