АТГ-ын Хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар "Хөрөнгө орлогод огцом өөрчлөлт гарч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21 төрийн албан тушаалтныг АТГ-аас шалгаж эхэлсэн" талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар:
АТГ-т жил бүр 40 гаруй мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Тэдгээр албан тушаалтны ХОМ-ээс манай байгууллага жилдээ 300-350 хүний мэдүүлгийг л түүвэрлэн шалгадаг. Угаасаа ч бүгдийг нь нэг бүрчлэн хянаж шалгах боломж, хүний нөөц байхгүй. Энэ жилийн хувьд хөрөнгө орлогод огцом өөрчлөлт орсон, мөн авлигын эрсдэл өндөртэй 305 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянахад 37 зөрчил илэрсэн.
Одоогоор зөрчил илэрсэн 37 албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулахаар холбогдох дээд байгууллагад нь мэдэгдэл хүргүүлээд байгаа. Үүний 7-г нь ажлаас нь халах нөхцөл бүрдсэн байгаа. Харин 21-ийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс нарийвчлан шалгахаар болсон. Хөрөнгө орлого нь огцом өссөн боловч орлогоо нотолж чадаагүй хүмүүсийн хоёр нь ТӨХК-ийн албан тушаалтан байсан бол 17 нь шүүгч байгаа. Тэрхүү 17 шүүгчийн зарим нь Салхитын мөнгөний ордтой нэр холбогдож, албан тушаалаасаа түдгэлзсэн хүн байгаа.